ӨВӨРХАНГАЙ: Нийт нутгийн 97 хувьд цөлжилт үүсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-28 08:00:46

Арвайхээр /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг нийт 63.5 мянган км.кв талбай газар нутагтай. Үүний 48.5 хувьд хүчтэй, 15.7 хувьд нэн хүчтэй цөлжилт үүссэн.

Мөн 26.7 хувьд дунд зэрэг, 6.3 хувьд сул түвшинд цөлжилт үүссэн бол нийт нутаг дэвсгэрийн ердөө 2.6 хувьд цөлжилт илрээгүй байна.­­ Тодруулбал, тусгай хамгаалалттай газар нутаг бүхий Бат-Өлзий сумаас бусад 18 суманд цөлжилт үүсчээ. 


Өвөрхангай аймгийн нийт нутаг дэвсгэрээс 90.7 хувь буюу 5716.9 мянган га нь бэлчээрийн талбай юм. Үүний 40 хувийг өвөл, хаврын улиралд, 50 хувийг зун, намрын улиралд ашиглаж, 10 орчим хувийг усгүй болон алс зэлүүд даваа, бартаа саад ихтэй гэдэг шалтгаанаар ашиглаж чаддаггүй байна.


Бэлчээрийн даацыг үнэлэхдээ 100 га талбайд хонин толгойд  шилжүүлснээр 80-аас илүүгүй толгой мал ногдож байгаа тохиолдолд хэвийн ачаалалтай гэж үздэг. Үүгээр тооцоход Өвөрхангай аймгийн бэлчээр 3-3.5 сая толгой малыг багтаах даацтай. Гэвч жилд хамгийн багадаа 4.5 саяас дээш толгой малтай байгаа нь бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт үүсэх нэг шалтгаан болж байгаа аж.


Түүнчлэн байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөнөөс үүдэлтэйгээр цөлжилт эрчимжсээр байна. Цөлжилтийг сааруулахын тулд хамгаалалтын ойн зурвас байгуулах, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгалийн ашиг шимт ургамлыг тарималжуулах, малын тоо толгойг бууруулах, хөрсний бүтцийг эвддэг механик үйл ажиллагааг багасгах нь чухал болохыг мэргэжилтнүүд хэлж байна.


Өнгөрөгч онд Газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд Баруунбаян-Улаан суманд элсний нүүлтээс хамгаалах 8 га ойн зурвас байгуулжээ. 

Мөн Хархорин суманд газар тариалан эрхэлдэг 16 аж ахуйн нэгж 10 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулж, 16 мянган мод тарьсан бол Төгрөг сумын Мазар багт 6 га талбайг хашиж, агро ойжуулалт хийн 1200 ширхэг мод тарьсан байна.

Холбоотой мэдээ