Таиландад галт тэрэг дэлбэрэлтэд өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-09-04 12:49:41

БАНГКОК. /ВВС/. Таиландын өмнөд нутагт галт тэрэг дэлбэрэлтэд өртсөний улмаас төмөр замын нэг ажилтан амь үрэгдэж, нэг хүн шархаджээ.

Малайзтай хиллэдэг Сунгай Коко хотоос бямба гарагт хөдөлсөн галт тэрэг Паттани мужид очих үед дэлбэрэлт болсон байна.

Цагдаа нарын хэлснээр, төмөр замын доор нуусан тэсрэх бөмбөг дэлбэрсэн байж магадгүй.

Наймдугаар сарын 23-нд мөн тус мужийн нэгэн зочид буудлын ойролцоо болсон дэлбэрэлттэй дээрх дэлбэрэлт холбоотой эсэхийг цагдаа нар мөрдөн шалгаж байгаа аж.

Таиландын хүн амын 90 гаруй хувь нь Буддын шашинтан юм. Харин Паттани болон хөрш хоёр мужийн оршин суугчдын дийлэнх нь лалын шашинтан гэнэ.

Сүүлийн жилүүдэд тус улсын өмнөд нутгийн мужуудад лалын салан тусгаарлагчид халдлага үйлдэх нь эрчимжжээ.

Малайзын Засгийн газрын зуучлалаар өнгөрсөн баасан гарагт сэргээсэн, Таиландын засгийн газар болон салан тусгаарлагчид хоорондын энхийн хэлэлцээг сүүлд болсон цуврал халдлагууд тасалдахад хүргэж болзошгүй гэж албаны хүмүүс түгшиж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ