АРХАНГАЙ: Барилга, инженерийн 342 дугаар ангийн шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-27 16:29:15

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган суманд Барилга, инженерийн 342 дугаар ангийн үйл ажиллагааг албан ёсоор нээж, бүтээн байгуулалт эхлүүлэх шавыг өнөөдөр тавилаа. Тус ангийг Архангай аймагт байгуулах тухай шийдвэр 2015 онд гарч байжээ.


2018 онд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад оролцуулах тухай Батлан хамгаалахын сайдын дугаар тушаал гарч, Дорноговь аймгийн Алтанширээ суманд барих Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийг, Сайншанд хоттой холбох 17.5 км хүн даацын тусгай хатуу хучилттай зам барих зориулалттай, зэвсэгт хүчний замын 7780 дугаар түр ангийг байгуулсан байна.  


Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны дугаар тушаалаар Зэвсэгт хүчний замын 7780 дугаар ангийн эрхийг Зэвсэгт хүчний 342 дугаар ангид шилжүүлжээ.

 

Анги байгуулах нь Засгийн газрын урт хугацааны бодлогын баримт бичигт туссан байсан ба чухал чиглэлд, түшиц газарт барилга, инженер, байлдааны давхар үүрэгтэй, экологи, байгаль хамгаалах тусгай 342 дугаар ангийг ийнхүү байгууллаа.  


Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр “Энэхүү ангийг байгуулах шийдвэр одоогоос арваад жилийн өмнө гарсан. Түүнээс хойших хугацаанд томилгооны нэртэйгээр төмөр зам болон авто замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож ирсэн. Энэ ангид томилогдож ирж байгаа шинэ бүрэлдэхүүнээс бусад бүрэлдэхүүн нь ажлын хувьд туршлагатай, мэргэжлийн хүмүүс байгаа. Аймаг орон нутгаас барилга, инженерийн чиглэлийн мэргэжилтэй хүмүүсээр ангиа бүрэн бүрэлдэхүүнтэй болгож, сургалтаа эхлүүлсэн байна.


Ангийн бүтээн байгуулалтад тус ангийн бүрэлдэхүүн ажиллах ба Барилгын цэргийн 017 дугаар ангийн багийг нэмэлтээр ажиллуулна. Бүтээн байгуулалтыг ирэх 10 дугаар сарын 1 гэхэд 40 орчим хувийг барихаар төлөвлөөд байна” хэмээн тэмдэглэн хэллээ.


Орон нутгийн удирдлагын зүгээс ажил хийх таатай орчныг бүрдүүлэх, шаардлагатай бодлого шийдвэрийг гаргахад дэмжиж ажиллана гэлээ.


Тус цэргийн анги ашиглалтад орсноор орон нутгийн 70 гаруй иргэн ажлын байртай болж байгаа юм. Цэрэг татлагаа ирэх намар эхлүүлэх ажээ. 

Холбоотой мэдээ