СЭЛЭНГЭ: Зүүнхараа зангилааны ажилчдад зориулсан орон сууцны шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-27 10:58:24

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замчдыг ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг үе шаттайгаар бүрдүүлэх зорилгоор Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ төмөр замчдыг орон сууцжуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд багагүй хугацааг өнгөрүүлжээ.


Энэ ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа 4 дэх төслийн эхний ээлжийн орон сууцны шав тавих ёслол Сэлэнгэ аймгийн Мандал суманд боллоо.


Энэхүү төсөл нь төмөр зам дагуу байрлах томоохон өртөөдүүдэд үе шаттайгаар хэрэгжиж байгаа аж.

Орон сууцны төслийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүний шаардлагатай зүйл бол барилга байгууламж барих газрын асуудлыг шийдвэрлэх явдал байдаг.


2022 онд Мандал сумын ИТХ-ын шийдвэрээр газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн байна. Энэ нь төмөр замчдыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг ийн бүрдүүлж өгчээ.  


Энэхүү орон сууцны шав тавих ёслолд УБТЗ-ын албаны зочид төлөөлөгчид, Мандал сумын ИТХ-ын дарга Н.Эрдэнэцэцэг, Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг нар оролцжээ.


Эхний ээлжийн 40 айлын орон сууцыг барих ажлыг "Гранд Бест Таур" ХХК гүйцэтгэх аж. Тус компани 2023 оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар ийнхүү ажлаа эхлүүллээ.   

     

УБТЗ нийт 16000 гаруй ажилтантай. Эдгээрийн 1100 орчим нь Зүүнхараа зангилаанд ажилладаг байна.

 

Холбоотой мэдээ