СЭЛЭНГЭ: Монголын алтан үеийн болон шинэ үеийн зохиолчдын уран бүтээлийг сурталчлан таниуллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-27 08:27:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн 90 насны ойг тохиолдуулан Монголын алтан үеийн болон шинэ үеийн зохиолчдын уран бүтээлийг сурталчлан таниулах үйл ажиллагааг зохион байгууллаа.


Энэ үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Шаамар сумын МСҮТ-ийн багш, сурагчидтай хамтран явуулсан байна.


Үйл ажиллагааны хүрээнд багш, сурагч, ажилтны дунд номтой өглөө цахим номын уншлага, мөн номыг бүтээлчээр унших 15 минутын уншлага зохион байгуулжээ.

 

Мөн Д.Пүрэвдоржийн намтар, уран бүтээлийг сурталчлах, түүний дээж номын үзэсгэлэн гаргаж, суралцагсдын дунд Д.Пүрэвдоржийн зохиолын үйл явдлыг зурагт хэрхэн буулгах вэ гар зургийн уралдааныг явуулав.

 

Түүнчлэн номын өдөрлөгийн хүрээнд хуучин номын солилцоо, худалдаа, 10 хувийн хямдралтай шинэ номын худалдаа зэрэг олон сонирхолтой ажлыг зохион байгуулжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч  Д.Пүрэвдоржийн “Хар цас”, “Гэргий”, “Сэгс цагаан Богд”, “Хөх даалимбан тэрлэг” гээд олон найраглал нь монгол найргийн сор бүтээл төдийгүй, найраглалын төрөлд шинэчлэл хийсэн байдаг.


Мөн Их найрагчийн “Алтан шар зам”, “Сайн нөхрийн ерөөл” зэрэг олон дуу нь монгол түмний дунд ардын дуу мэт өргөн тархсан.  

Түүний анхлан бичсэн "Талын туяа" найраглал нь уншигчдын зүрх сэтгэлд хоногшин үлджээ.  

 

Холбоотой мэдээ