"Баян Монгол” чуулга олон улсын жазз хөгжмийн наадамд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-03-21 13:27:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайд Ч.Номин ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ёорн Розенбергийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин ноён Элчин сайдтай дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцов.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийх үеэр хоёр орны Засгийн газрын тэргүүн нар 2024 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэхээ илэрхийлсэн. Иймд, түүхэн ойг тэмдэглэх хүрээнд “Монгол-Германы Соёл, боловсролын зөвлөлдөх уулзалт”-ыг энэ онд зохион байгуулахаар товлосон юм. Энэ уулзалтад Соёлын яам өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд уулзалтаар дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлыг хэлэлцэхээр ярилцав.

Соёлын сайд Ч.Номин Төрийн шагналт “Баян Монгол” чуулга Герман Улсын Бремен хотод ирэх сард болох “Jazzahead” олон улсын жазз хөгжмийн фестивальд оролцохоор бэлтгэж байгааг хэлж, дэлхийн нэр хүнд бүхий энэхүү фестивальд Монгол Улсыг төлөөлөн оролцох чуулгын уран бүтээлчдийг ноён Элчин сайдаас бүхий л талаар дэмжин ажиллахыг хүслээ.

Мөн ХБНГУ-ын Дюселдорф хотод жил бүр уламжлал болон зохион байгуулдаг НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монголын дүрслэх урлагийн салбарын төлөөллийг үргэлжлүүлэн оролцуулах талаар талууд хамтран ажиллахаар тохиролцсон төдийгүй 2023 онд Монгол, Германы дүрслэх урлагийн симпозиум байгуулах асуудлаар санал солилцов.

Уулзалтаар ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах төслийг амжиттай хэрэгжүүлсэн явдалд талархал илэрхийлэн, цаашид уг төслийг өргөжүүлэх талаар санал солилцож, Соёлын яамнаас бүрэн дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ