ГОВЬ-АЛТАЙ: Энэ оны эхний хоёр сарын байдлаар 175 эх амаржжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-10 15:46:25

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний хоёр сарын байдлаар 175 эх амаржиж, 175 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 48 тохиолдлоор өссөн байна. 


Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 96 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 95 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 26 тохиолдлоор буурсан ба энэ нь тус эмнэлэгт төрсөн эхийн 56.5 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. 


Энэ оны эхний хоёр сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 133 эмэгтэй хамрагдсан ба 91,7 хувь нь эхний гурван сартайд, 8,3 хувь нь 4-6 сартайд орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байгаа тухай мөн онцлон мэдээлэв.


Сонирхуулахад, мөн хугацаанд тус аймгийн хэмжээнд амьд төрсөн хүүхдийн 4.6 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй мэндэлжээ. Амьд төрсөн хүүхдийн 77 буюу 44 хувь нь хүү, 98 буюу 56 хувь нь охин байгаа тухай ЭМГ-аас танилцууллаа.

Холбоотой мэдээ