БАЯНХОНГОР: Хог хаягдлыг бүрэн шатаах зуухтай болох саналыг дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-07 14:52:56

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын хэмжээнд хоногт дунджаар 82 тонн хог хаягдал гардаг бөгөөд 2023.01.01-ний өдрөөс ангилан ялгаагүй хог хаягдлыг ачиж тээвэрлэдэггүй болсон. Тэгвэл тус үйл ажиллагааны хэрэгжилт, явцыг ажлын багаас аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханд танилцуулав. 


Хог ангилан ялгалтын асуудалд Баянхонгор сумын гэр хорооллын /6000 өрх/ иргэд идэвхтэй оролцон, хог тус бүрийг ангилан ялгаж ачуулдаг болжээ. Өнгөрөгч онд “Хог бишээ мөнгө" аяныг өрнүүлсэн бол 2023 оныг “Хоггүй орчинд амьдаръя” жил болгон зарлаж, багийн дарга, нийгмийн ажилтан, идэвхтэнүүдийн дунд иргэдэд үзүүлэх нөлөөллийн уралдааныг зарласан байна.  


Засаг дарга Д.Мөнхсайхан албан байгууллага, орон сууцны иргэдээр хог хаягдлыг ангилан ялгуулж хаяулах асуудалд анхаарч, аймгийн хэмжээнд мөрдүүлэх, зохих журам бүхий захирамж гарган хэрэгжүүлэхээр болов. Мөн үеэр Баянхонгор сумын хогийг бүрэн шатаах зуухтай болох саналыг бүрэн дэмжсэн юм.


Сүүлийн жилүүдэд хүн амын нягтрал, зам талбай, барилгажилт тэлж, аймгийн төв болон хөдөө орон нутгаас гарах хог хаягдлын хэмжээ эрс ихэсчээ. Баянхонгор аймгийн хэмжээнд 21 энгийн, хатуу хог хаягдлын төвлөрсөн хогийн цэг байгаа нь нийт 82.5 га талбайг хамарч байгаа аж.


Хогийн цэг дээр хаягдаж байгаа хог хаягдлын хэмжээг төрлөөр нь ангилбал, хүнсний бүтээгдэхүүний хаягдал 9938 тонн, барилгын хог хаягдал 8319 тонн, цаас цаасан бүтээгдэхүүний хаягдал 6658 тонн, хуванцар, гялгар уут 5511 тонн, шил шилэн бүтээгдэхүүний хаягдал 4711 тонн, төмөр 2394 тонн, цахилгаан барааны хог хаягдал 2201 тонн, автомашины эд анги 1770 тонн, бусад хог хаягдал 18362 тонн эзэлж байна.

Холбоотой мэдээ