WSJ: АНЭУ ОПЕК-оос гарахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-03-04 13:38:09

НЬЮ-ЙОРК. /WSJ/. Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/ Саудын Арабын зүгээс хэмжээг нь хязгаарлаад байгаа газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхийн тулд ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллагаас гарах боломжийн талаар дотооддоо хэлэлцэж байна гэж “The Wall Street Journal” сонин нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй эх сурвалжаас эш татан мэдээлэв.


Сүүлийн жилүүдэд Арабын тус хоёр орны хооронд газрын тосны олборлолтын асуудалд өөр өөр байр суурьтай байгаагийн улмаас, түүнчлэн Йеменд нөлөөллөө тогтоох өрсөлдөөнөөс болж санал зөрөлдөөн гарах болсон гэж тус хэвлэлд онцолжээ. 


АНЭУ газрын тосыг илүү их хэмжээгээр олборлох боломжтой боловч энэ нөөц бололцоо нь, мөн олборлолтоос орох орлого нь ОПЕК-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хэм хэмжээгээр хязгаарлагддаг гэж “Wall Street Journal” цохон тэмдэглэсэн байна. 


2022 оны 10 дугаар сард АНЭУ газрын тосны олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх Вашингтоны уриалгыг дэмжсэн боловч Саудын Араб эсэргүүцэж, байгууллагын уулзалтаар өөрсдийн тавьсан саналаа дэмжүүлж чаджээ. 


Йеменийг тойрсон асуудлын хувьд хуситуудтай мөргөлдөөнийг шийдвэрлэх санаачилгыг Саудын Араб гартаа бүрэн авч, тус улсад нөлөөгөө бэхжүүлж, улс орных нь эрх ашигт хохирол учруулж болзошгүй гэж болгоомжилж байгаа аж. 


АНЭУ нь нефть тээвэрлэгч хөлөг онгоцнууд нь өнгөрдөг далайн замын аюулгүй байдлыг хангахын тулд Йемений өмнөд эрэгт тодорхой хэмжээний нөлөөгөө хадгалахыг эрмэлзэж байна. Ерөнхийдөө АНЭУ эдийн засгийн хувьд хүчирхэгжихийн хэрээр тус улсын ашиг сонирхол Арабын хойгийн Арабын орнуудын дунд тэргүүлэгч хэвээр байгаа Эр-Риядын ашиг сонирхолтой улам бүр зөрчилдөж байгааг тус сонин онцолжээ.


Харин “Wall Street Journal” сонины энэ нийтлэлийг Эмирт улсын хэд хэдэн өндөр албан тушаалтан үгүйсгэсэн гэж “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна. 


Тус агентлагийн эх сурвалжуудын нэгийнх нь хэлснээр, АНЭУ-ын эрх баригчид аль эвсэл холбоо нь улс орных нь урт хугацааны ашиг сонирхлыг хамгийн сайн хангаж байгаа талаар хэдэн жил эргэцүүлж ирсэн бөгөөд ОПЕК-оос гарах асуудлыг үе үе хөндөж байжээ. Гэсэн хэдий ч АНЭУ одоохондоо энэ байгууллагаас гарахгүй, учир нь ийм шийдвэрийн сул тал нь давуу талуудаасаа их байгаа гэж эх сурвалж хэлсэн байна. 

 

Хэрэв АНЭУ ОПЕК-оос гэнэт гарвал энэ нь тус улсын хамгийн том худалдааны түншүүдийн нэг болох Саудын Араб төдийгүй Персийн булан дахь Кувейт, Ирак зэрэг бусад холбоотнуудтайгаа улс төрийн эвдрэл үүсгэж болзошгүй гэж "Bloomberg" онцлон тэмдэглэсэн байна.


Холбоотой мэдээ