Туркт даваа гарагт газар хөдөлсний улмаас 100 гаруй хүн гэмтэж бэртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-02-28 15:40:19

АНКАРА. /DW/. Туркийн зүүн өмнөд нутагт энэ даваа гарагт дахин газар хөдөлж, аврах албаныхан нурангинд дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа явуулж байна.


Тус бүс нутагт сүүлийн гурван долоо хоногт дөрөв дэх удаагаа газар хөдөлсөн нь энэ юм. Энэ сарын 6-нд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк, Сирид 50 мянга гаруй хүн амиа алдаад байна.


Туркийн холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, даваа гарагт Малатья мужид 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 


Харин Европ-Газрын Дундад тэнгисийн газар хөдлөлт судлалын төвийн мэдээллээр, 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт 6.15 км-ийн гүнд болжээ.


Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нэг хүн амиа алдаж, 110 орчим хүн гэмтэж бэртсэн гэж Туркийн эрх баригчид мэдээлээд байна. Түүнчлэн 29 байшин барилга эвдэрч сүйджээ.


Энэ сарын эхээр болсон газар хөдлөлт Малатьяд их хэмжээний хохирол дагуулсан бөгөөд 2300 орчим оршин суугч амь эрсэдсэн гэж тус мужийн захирагч Селахаттин Гуркан мэдээлжээ.


Хоёрдугаар сарын 6-нд 7.7, 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Турк болон хөрш залгаа Сири улсад аврах, сэргээн босгох ажиллагаа үргэлжилж, амь эрсэдсэн хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.


Туркт байгалийн гамшигт үзэгдэлд 20 сая гаруй хүн нэрвэгдсэн бол Сирид 8.8 сая хүн өртжээ. НҮБ-ын мэдээлснээр, хоёрдугаар сарын 6-ны газар хөдлөлт нь Туркийн түүхэн дэх хамгийн олон хүний амь насыг авч одсон байгалийн гамшигт үзэгдэлд тооцогдож байна. Уг газар хөдлөлтийн улмаас160 мянга гаруй барилга нурж сүйджээ.


Өнөөдрийн байдлаар Туркийн эрх баригчид байгалийн гамшигт өртсөн бүсэд олон тооны барилга нурж сүйдсэнтэй холбогдуулан 184 хүнийг баривчлаад байна. Мөн өнгөрсөн бямба гарагт хууль сахиулагчид мөрдөн шалгах ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдгээ мэдэгджээ. 

Холбоотой мэдээ