“Хорийн бүлэг”-ийн хуванцрын хэрэглээ 2050 он гэхэд 1.7 дахин нэмэгдэж болзошгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНТОКИО. /Kyodo/. “Хорийн бүлэг”-ийн орнууд хуванцрын хэрэглээгээ бууруулах шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхгүй бол 2050 он гэхэд 2019 оны түвшнээс даруй 1.7 дахин нэмэгдэж, далай тэнгисийн бохирдлын асуудал улам бүр даамжирч болзошгүй байгааг өнөөдөр танилцуулсан нэгэн судалгааны дүн харуулжээ.
“Economist
Impact”, “Nippon Foundation” байгууллагын хамтарсан судалгааны дүнд
гаргасан тооцоогоор, 2019 онд 261 сая тонн байсан хуванцрын хэрэглээг бууруулах
чиглэлд нэмэлт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол 2050 онд 451 сая тоннд
хүрч өсөх хандлагатай байна.
Түүнчлэн улс орнууд
зарим нэр төрлийн хуванцар бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглох, татвар ногдуулах
зэргээр дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг шийдэх чиглэлд ахиц дэвшил
гаргасан ч хуванцрын хэрэглээ 325 сая тоннд хүрнэ хэмээн судлаачид тооцоолжээ.
"Өдгөө дэлхийн хэмжээнд хэлэлцэж
байгаа хуванцрын хэрэглээний талаарх олон улсын гэрээний хүрээнд хатуу арга
хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол далай тэнгисийн хуванцар хог хаягдлын
асуудлыг зогсоох аргагүйд хүрнэ" гэдгийг мөн судлаачдын баг анхааруулсан байна.
2022 оны
гуравдугаар сард НҮБ-ын Байгаль орчны ассамблейн чуулганаар дэлхийн 175 улс орон
хуванцрын хаягдлыг бууруулах тухай олон улсын баримт бичиг боловсруулахаар санал
нэгдсэн юм. Үүнд тусгах арга хэмжээнүүдийг хараахан тохиролцоогүй байгаа бөгөөд Засгийн газар хоорондын хороо 2024 оны эцэс гэхэд гэрээний төслийг
боловсруулах зорилт тавин ажиллаж байна.
НҮБ-ын мэдээллээр,
жилд ойролцоогоор 11 сая тонн хуванцар хог хаягдал далай тэнгист хаягдаж байгаа
бөгөөд 2040 он гэхэд энэ тоо гурав дахин нэмэгдэж болзошгүй байна. Хуванцар нь
далайн болон эрэг орчмын 800 гаруй төрөл зүйлийн амьтныг ийм төрлийн хог
хаягдлыг залгих, орооцолдох зэрэг эрсдэлд оруулдаг байна.
“Хорийн бүлэг”
далай тэнгисийн хуванцар хаягдлыг бууруулах чиглэлд хүчин чармайлтаа
эрчимжүүлсээр байгаа бөгөөд 2019 онд уг асуудлыг шийдвэрлэх сайн дурын
алхмуудыг дэмжих олон улсын тогтолцоог бий болгохоор тохиролцжээ. Тус бүлэг нь Австрали,
АНУ, Аргентин, БНСУ, БНХАУ, Бразил, Герман, Европын Холбоо, Индонез, Итали, Их
Британи, Канад, Мексик, ОХУ, Өмнөд Африк, Саудын Араб, Турк, Франц, Энэтхэг, Япон
улсыг эгнээндээ нэгтгэдэг билээ.