Богд хааны ордон музейд "Нэг өдрийн Цагаан дара эх"-ийг бүтээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. XVII жарны “Үзэсгэлэн болгогч” Усан туулай жилийн хаврын тэргүүн хөх бар сарын шинийн наймны өдөр "Шинийн наймны Цагаан дара" үзэсгэлэнгийн нээлт болон "Нэг өдрийн Цагаан дара" бүтээх үйл ажиллагаа Богд хааны ордон музейд боллоо.
ХХ зууны эхээр Их хүрээнд сар бүрийн шинийн найманд анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын тигийн дагуу үзүүр тохой хэмжээтэй Цагаан дарь эх бурхныг нар мандахаас жаргах хооронд нэг өдөрт багтаан бүтээдэг уламжлалтай байжээ. Тухайн өдөр шүтээн урлаач лам нар уламжлалын дагуу Цагаан дара эх бурхныг бүтээснээр бурханч болдог учиртай. Энэ уламжлал 1924 он хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ үед бүтээсэн Цагаан Дара эх бурхны шүтээн зургууд Монголын музейнүүдэд хадгалагдан үлдсэн байдаг.
Цагаан дара эхийг Богдын ордонд анх бүтээж эхэлсэн учир шалтгаан нь Дондовдулам цагаан дара эхтэй холбоотой. 1902 оны цагаан сарын шинэлэхийн жасаагаар Манжийн эзэн хааны амгаланг айлтган бэлэг хүргүүлэх ялдамд “VIII Богдын дэргэд суух Цагаан дара ноёнд гэрээс гарсны тэмдэг бичиг, эрх ямба эдлэх цалин пүнлүү олгох” тухай хүсэлт явуулсны хариуд Манжийн Цыши хатнаас ёсоор болгож, сар бүр цалин пүнлүү олгох, “Гэрээс гарсны тэмдэг бичиг” олгож “Цагаан дара эх ноён” цол олгожээ. Энэ явдалд зориулан шинийн 8-нд Цагаан дара эхийг Богдын ордонд бүтээх уламжлал эхэлсэн гэдгийг Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар тодотгов.
Богд хааны ордон музей "Шинийн Наймны Цагаан Дара эх" үзэсгэлэн болон "Нэг өдрийн Цагаан Дара эх бүтээх" үйлийг энэ жил 10 дахь жилдээ зохион байгуулж буй юм. “Нэг өдрийн Цагаан дара эх” үзэсгэлэнд нийт 50 гаруй Цагаан дара эх дэлгэжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд танка зураг, зээгт наамал, цагаан дара эхийн загал зургуудыг музейн сан хөмрөгөөс үзэгчдэд толилуулж байна.
Мөн үзэсгэлэнгийн онцлох үзмэр гэвэл Б.Шаравын зурсан Улсын эх дагина Дондовдуламын хөрөг зургийг анх удаа олон нийтэд дэлгэснээрээ онцлогтой.
АНУ-ын Чикаго хотын Радна Шри санга төвийн дэд тэргүүн, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн лам Р.Алтантитэм хэлэхдээ, “Цагаан дара эхийг бүтээсэн буян бол цаглашгүй юм. Цагаан дара эхийг бүтээж буй хүн маш ариун сэтгэлээр бүтээж буй юм. Ингэж бүтээхээрээ тухайн бүтээгч их буян хураадаг. Тэрхүү бүтээснийг нь харсан үзсэн хүн баясаж буян хураадаг. Үргэлжид оршихгүй учир хоосон чанартай. Гэвч бүтээсэн буян алга болохгүй. Бурхныг бүтээснээрээ ашдын аврал, агшин зуурын буюу энэ насны буян болно. Ашдын аврал нь хожим хойно бурхан болж амьтанд тус хийнэ гэсэн үг” хэмээв.
Богд хааны ордон музейд нэг өдөрт бүтээх уламжлалыг 2013 оноос сэргээсэн агаад Монголын Бурханы шашны дээд сургуулийн урлаачид нэг өдөрт багтаан “Цагаан дара эх” бүтээж буй үйлийг дэргэдээс нь харах боломжтой.