Хятад улс Украины асуудлыг зохицуулах төлөвлөгөөгөө ойрын өдрүүдэд танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-02-22 09:36:36

НЬЮ-ЙОРК. /AP/. Хятад улс Украины асуудлыг тайван замаар зохицуулах саналаа ойрын өдрүүдэд танилцуулахаар төлөвлөж байна гэж НҮБ-д суугаа тус улсын байнгын төлөөлөгч Жан Зюнь мэдэгджээ. 


Тэрбээр НҮБ-ын төв байранд сэтгүүлчдэд холбогдох асуултад хариулахдаа энэ тухай мэдээлсэн байна. 


Бээжин Украины байдлыг зохицуулахад илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж байгаа талаар “The Wall Street Journal” сонин өмнө нь эх сурвалжуудаас эш татан мэдээлж байсан юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хооронд болох магадлалтай уулзалт нь "олон талт энхийн хэлэлцээ хийхэд чиглэсэн хүчин чармайлтын нэг хэсэг байх бөгөөд Хятад улс цөмийн зэвсэг хэрэглэхгүй байхыг дахин уриалах боломжийг олгоно" гэж тус сонинд бичжээ. 


Өнгөрсөн долоо хоногт ХКН-ын Төв Хорооны Гадаад хэргийн хорооны Тамгын газрын дарга Ван И мөн Бээжин Украины асуудлыг тайван замаар шийдвэрлэхийг тууштай дэмжиж байгаа бөгөөд энэ үйл явцад тус улс хэрхэн хувь нэмэр оруулах талаар анхаарч үзэхийг Европт уриалж байна гэж мэдэгдсэн. 


Хятад улс үүсээд буй нөхцөл байдалд “гал дээр тос нэмэхгүй байхыг хичээж байгаа” бөгөөд одоогийн нөхцөл байдлаас ямар нэгэн ашиг хонжоо олж авахыг оролдоогүй гэж тэрбээр хэлсэн байна.  


Холбоотой мэдээ