“The Hu” виртуал тоглолтоороо үндэсний өв соёлоо дэлхийд сурталчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-02-20 09:37:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийд Монголын нэрийг гаргаж буй “The Hu” хамтлаг концертоо цахим орчинд виртуал хэлбэрээр ирэх сарын 30-нд дэлхийд анх удаа тоглох гэж байна. “The HU the Metaverse” концертын талаар зохион байгуулагч “Meta force” компанийн гүйцэтгэх захирал С.Батцэнгэл сэтгүүлчдэд танилцууллаа.


Тэрбээр, тоглолтыг виртуал орчинд хэн ч, хаанаас ч орж үзэхээс гадна өөрөө оролцож болох боломжийг технологиор бүрдүүлж буйгаараа онцлог. Хамтлагийн дуу бүрд орчин нь солигдон өөрчлөгдөж байхаар хийж байна. Нөгөө талаар шинэ технологийг ашиглан Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх, өв соёлыг дэлхийд сурталчлан таниулж, биет бус өвийг тоглолтын үеэр хийж буй зураг, бичлэг, дүрсээр хадгалан үлдэж буйг хэллээ. 




Метаверс дэх дэлхийн анхны рок хамтлагийн тус виртуал тоглолт нь "The Hu" хамтлагийн шүтэн бишрэгчдэд дэлхийн хаанаас ч нэгэн дор цуглах боломжийг олгож, бусад шүтэн бишрэгч болон хамтлагийн гишүүдтэй харилцах боломжийг олгох болно.


Тоглолтыг зохион байгуулахад “ТэнГэрЛиг” медиа нэгдэл, “Мост финтек”, “ГрэйпСити”,” idax”, “Дайвэрс Солюшнс”, “Ард Бит”, “Ард Арт”, “Монгол ДиФай” зэрэг технологийн болон санхүүгийн компаниудтай хамтран, “Ард” санхүүгийн нэгдэл дэмжиж оролцож байна. Энэ талаар тус нэгдлийн ерөнхий захирал Ч.Ганхуяг хэлэхдээ, “Энэхүү тоглолт болох талаар жилийн өмнөөс ярилцаж, хамтлагийн хувьд өнгөрсөн оны 7 дугаар сараас эхлэн албан ёсоор мэдээлсэн” гэв.

Тэрбээр, тоглолт нь дэлхийд анх удаа дүрсжүүлсэн байдлаар буюу цахим шилжилтийн эрин үед метафорсе гэсэн шинэ ойлголтын хүрээнд болох гэж буй нь онцлог, сонирхолтой байх болно гэв.


Тоглолтын тасалбарыг www.hu.rocks болон www.metaland.mn вэбсайтаас NFT хэрбэрээр захиалан авах боломжтой ба 2 дугаар сарын 13-наас тасалбарыг худалдаж эхлээд байгааг мэдээллээ. Хоёрдугаар сарыг дуустал хямдралтай үнээр борлуулж байгааг дуулгав.


Метафорс нь "Металанд" төслийг хэрэгжүүлэн Улаанбаатар хотыг метаверс орчинд бүтээн байгуулсан технологийн компани бөгөөд хэрэглэгчдэд дэлхийн өнцөг булан бүрээс виртуал орчинд бодит үйлчилгээ авах, бусад хэрэглэгчидтэй өөрийн аватарыг ашиглан танилцаж, харилцах боломжийг олгож байгаа платформыг хөгжүүлэгч үндэсний мэдээлэл, технологийн шинэ үеийн төлөөлөл аж.

 

 

Холбоотой мэдээ