БАЯН-ӨЛГИЙ: Барилгын политехник коллежийн зарим тэнхимийг Баян-Өлгийд шилжүүлэх санал хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-02-13 16:06:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих "Нээлттэй аймаг" хөтөлбөрийн санал боловсруулах хэлэлцүүлэг өнөөдөр Өлгий хотод болж байна.


Хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд, хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар оролцож байна.


Хэлэлцүүлгийн үеэр аймгийн Засаг даргын орлогч Х.Арман Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 419 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулсан "Нээлттэй Баян-Өлгий" хөтөлбөрийн төслийг танилцууллаа.


Тус хөтөлбөр нь аймагт шилжин ирж ажиллаж амьдрах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг угтан авахад шаардагдах бэлтгэлийг хангах, аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох зорилготой аж. Учир нь Засгийн газрын 2022 оны 419 дүгээр тогтоолоор аймаг бүр хүн амынхаа 10 хувьтай тэнцэх тооны иргэдийг Улаанбаатар хотоос татан авах үүрэг хүлээсэн.


"Нээлттэй Баян-Өлгий" хөтөлбөрт дээрх зорилгод хүрэхийн тулд нэгдүгээрт, төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, хоёрдугаарт, аймгийн хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжсэн эдийн засгийн өсөлтийг бий болгох тэргүүлэх чиглэлийн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг дэмжих, гуравдугаарт, орчны бохирдлыг бууруулах бодлогыг орон нутагт хэрэгжүүлж, хүрээлэн буй орчныг сайжруулах, дөрөвдүгээрт, хүн амын хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, тавдугаарт, боловсрол, эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт дэвшүүлжээ.


Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийг сурталчлах ажлын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох төлөвлөгөө гаргах, Улаанбаатар хотоос аймаг руу шилжин суурьшсан иргэдийн судалгааг гаргах, бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд Увс, Ховд аймагтай хамтран хөгжлийн загвараа тодорхойлох, Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл чиглэлийн авто замын санхүүжилтийг шийдвэрлэх, Цэнгэл-Хотон нуур-Даян чиглэлийн замыг ТЭЗҮ, зураг төслийн хөрөнгийг шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төвүүдийг төгсөж буй оюутан залууст чиглэсэн "Нутгаа зорьё" өдөрлөг зохион байгуулах, аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах, "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх бүтэц бий болгох зэрэг ажлуудыг хийх аж.


"Төр засгаас Улаанбаатар хотоос их, дээд сургуулиудыг гаргах бодлого баримталж байгаа. Үүнтэй холбогдуулан О.Тлейханы нэрэмжит Барилгын политехник коллежийн тодорхой тэнхимүүдийг Баян-Өлгий аймагт шилжүүлэх санал хүргүүлсэн. Одоо судалгааны ажлууд явж байгаа. Мөн ЭМЯ-наас Баян-Өлгий аймагт эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Турк Улстай хамтарсан оношилгооны төв байгуулах судалгааны ажлыг эхлүүлье гэсэн санал дэвшүүлсэн. Манай аймаг Нэгдсэн эмнэлгийн барилгыг шинээр барьж байгаа. Иймд эмнэлгийн хуучин барилгаас тодорхой талбай гаргаад Улаанбаатарт байгаа 1, 2, 3 дугаар эмнэлгүүдийн тодорхой тасгуудыг орон нутагт шилжүүлэх боломжтой гэсэн судалгааг Эрүүл мэндийн яам хийж байна. Харин бидний хувьд дэд бүтцээр хангах ёстой. Мөн орон нутагт байгаа үл хөдлөх хөрөнгийн судалгааг гаргаж хүргүүлэх хэрэгтэй байна" гэдгийг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман хэлэв.


Түүнчлэн Баян-Өлгий аймагт байгаа Цагааннуур боомтоор эм, эмнэлгийг хэрэгсэл оруулах хүсэлтийг Засгийн газарт гаргасан гэдгийг тэрээр онцоллоо.


Засгийн газрын Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Даянгийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилт дэвшүүлж ажиллаж байгаа. Одоо тус боомт руу цахилгааны шугам, шилэн кабель татах ажлын зураг төсвийг хийж байна. Цагааннуур боомтыг 2 дахин өргөтгөх ажлын зураг төсөв нь гарсан. Санхүүжилт нь 2024 оны төсөвт суух бөгөөд одоо байгаа боомтын барилгын цаана дахиад боомтын байгууламж барих аж.


"Нээлттэй Баян-Өлгий" хөтөлбөрт хэлтэс, агентлаг, сумдын удирдлага, төрийн үйлчилгээний байгууллагуудын саналыг авах ажил одоо үргэлжилж байна. Үүний дараа аймгийн ИТХ-д өргөн мэдүүлж, төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн батална. Хөтөлбөр батлагдсанаар 2023 оноос 2024 оны 1 дүгээр улирал дуустал эхний шат нь хэрэгжих юм.  

Холбоотой мэдээ