БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур боомтод гарсан зөрчлийн 80 орчим хувь нь согтууруулах ундаа, эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-02-10 11:56:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших авто замын Цагааннуур боомтод бүртгэгдсэн нийт зөрчлийн 80 орчим хувийг иргэд зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хэмжээгээр согтууруулах ундаа, эм, эмнэлгийн хэрэгсэл авч нэвтрэхийг оролдсон зөрчил эзэлж байна гэж тус аймаг дахь Гаалийн газраас мэдээллээ.


Тодруулж хэлэхэд, ОХУ, Казахстан Улсуудаас ирэх зорчигчид дарс, “Кызыл май”  зэрэг эмийн бүтээгдэхүүнийг зөвшөөрөгдсөн хэмжээнээс ихээр авч ирж байгаа аж.  


Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэхийг, Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 83 дугаар тушаалаар согтууруулах ундаа оруулахыг тус тус хориглосон байдаг.


Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 223 дугаар тушаалаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д зааснаар иргэд архины зүйлс 2 литр, дарс 2 литр, шар айраг 3 литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүйг гаалийн болон бусад албан татваргүйгээр хилээр нэвтрүүлэх эрхтэй.


Мөн зорчигчийн хувийн хэрэглээний эмийг импортын бараа гэж үзэхгүй ба импортын зөвшөөрөл шаардахгүй. Зорчигчийн хувийн хэрэглээний эмэнд 7 хүртэл хоногийн яаралтай тусламжийн эм болон удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах /чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг/ өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг эм багтах аж.


Иймд ард иргэдийг аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлж, гаалийн хилээр нэвтрэхдээ зөвшөөрөгдөөгүй бараа биедээ авч явахгүй байхыг зөвлөж байна. 


Холбоотой мэдээ