Yonhap: Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-02-10 11:16:31

СӨҮЛ. /Yonhap/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ гэж Сөүлийн эрх баригчид өнөөдөр мэдээлэв. Энэхүү айлчлал нь хоёр орон улс төр, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа энэ үед болох гэж буй юм. 


“Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д таван өдрийн айлчлал хийхээр ирэх даваа гарагт хүрэлцэн ирж, Ерөнхий сайд Хан Док Сүтэй лхагва гарагт хэлэлцээ хийнэ” гэж БНСУ-ын Ерөнхий сайдын ажлын алба мэдээлжээ.


Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайдын сүүлийн 12 жилийн хугацаанд БНСУ-д хийж буй анхны албан ёсны айлчлал болох юм гэж ажлын албаны мэдэгдэлд дурдсан байна.


Айлчлалынхаа үеэр Л.Оюун-Эрдэнэ хоёр орны бизнесийн салбарын манлайлагчидтай уулзаж, зүүн өмнөд нутгийн Бусан боомт хотод зочлох ажээ. Бусан хот нь 2030 онд Дэлхийн экспог зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж буй юм.


“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал Солонгос, Монголын стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ