Нүүрсний 50-60 хувийг ирэх онд багтаан биржээр арилжина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-02-08 14:23:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг Монголын Хөрөнгийн бирж ХК-иар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ.


Гарсан шийдвэрийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар танилцуулав.  Тэрбээр, “Биржийн тухай хууль батлагдсан. Энэ оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д биржийг бие дааж, эсвэл Монголын Хөрөнгийн биржийн дор байгуулна хэмээн заасан. Энэ шийдвэрийг Засгийн газар гаргана гэсэн хуулийн агуулгаар Засгийн газар өнөөдөр албан ёсны шийдвэрээ гаргаж, Монголын Хөрөнгийн биржийг түшиглэн нүүрсээ худалдахаар боллоо. “Эрдэнэс Монгол” компани маргаашнаас гурван удаагийн дуудлага худалдаагаар 21 харилцагч компанид 130-140 мянган тонн нүүрсийг биржээр арилжина” хэмээн мэдээллээ.


Энэ нь нэг сарын хугацаанд худалдах нүүрс аж. Монгол Улс энэ эилийн 7 дугаар сарын 1 гэхэд үүний 12 сая тонн нүүрсийг биржээр худалдах зорилт тавин ажиллаж байна. 2024 онд багтаад жилдээ экспортлох хүрсний биржийн худалдааг 50-60 хувьд хүргэх, 2025 онд бүх нүүрсээ биржээр худалдахаар төлөвлөжээ.


Манай боомтын хүчин чадлаас шалтгаалж ийнхүү шат дараатай арилжиж, бусад улсын жишгээр ил тод чөлөөт өрсөлдөөний дагуу биржээр худалдаж байна. Цаашид зэс, жонш, төмөр зэрэг бүх металлын худалдааг биржээр цахимаар хийх боломж байгаа. Үүнийг ирэх гурван жилдээ багтааж хэрэгжүүлнэ. Нүүрсийг авлига, түүнээс үүсдэг хардалт дагалддагийг бүгд мэдэж байгаа. Тиймээс бид олон улсын жишигт нийцүүлж Хөрөнгийн биржийг түшиглэн нүүрсээ зарна. Хэрэв тусдаа бирж байгуулбал урьдчилсан тооцооллоор 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө санхүү, боловсон хүчин шаардлагатай байсан. Тиймээс бэлэн байгаа дэд бүтэц, боловсон хүчин зэрэгтэй Хөрөнгийн биржийг түшиглэсэн нь давуу талтай. Нүүрсээ худалдах компани өөрөө үнээ тогтоож, зарлах ба 7 дугаар сарын 1-нээс хууль хэрэгжиж эхлэхэд бирж өөрөө үнээ тогтоодог болно" гэж сайд Ж.Ганбаатар мэдээлэв.


Тэрбээр, энэ сарын 27-нд манай улсад БНХАУ-аас нүүрсний 150 харилцагч буюу худалдан авагч ирэхээр болсныг мэдээллээ. Монгол Улс нүүрсээ Хөрөнгийн биржийг түшиглэн худалдах талаар гаргасан шийдвэрийн хүрээнд БНХАУ-ын нүүрсний худалдан авагчдыг ийнхүү урьж цаашдаа зөвхөн биржээр нүүрсээ худалдах, биржийн хуулийн давуу талыг танилцуулах аж.

Холбоотой мэдээ