ДУНДГОВЬ: "Чингис хааны ганзагалаа тогоо"-ны тухай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-02-07 17:07:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн “Их газрын чулуу” байгалийн үзэсгэлэнт газрын баруун хажууд орших “Тахилын ус”-ны худгийн дэргэд 6 бариул бүхий 100 литрийн багтаамжтай том ширмэн тогоо байсныг “Чингис хааны ганзагалааны тогоо” хэмээн нэрлэдэг байжээ.

Энэхүү тогоог холоос харахад том үхэр хэвтэж байгаа юм шиг сүртэй харагддаг хэмээн энэ нутагт үе дамжин амьдарч байсан ахмад малчин Д.Сосор амьд ахуйдаа хуучилсан байдаг.

1950-иад оны үед Маршал Х.Чойбалсан Гурвансайхан сумын нутгаар явж байх зуураа зориуд сонирхон үзэж, “Ийм түүхэн, маш ховор зүйл хөдөө хэвтэх ёсгүй, Улсын түүхийн музеуйд шилжүүл” гэж хэлснаар дээрх тогоо одоо Улсын музейд хадгалагдаж байна.

Тахилын усны урд талын дэрстэй хонхор газрыг “Тогоо” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд энэ хонхорт орсон мал, морьтой хүн харагддаггүй байсан хэмээн ахмадууд хуучилдаг юм. “Чингис хааны ганзагалааны тогоо”-г жил бүр тахьдаг байсан гэх ба энэ уламжлал нэг хэсэг тасалдаж, тогоо байсан газарт жижиг тогоо тавьж, сүүлийн 3, 4 жилээс түүнийг тахьдаг болжээ.

“Тогоо”-гийн бууцыг өвөг дээдсээсээ өвлөн насаараа энэ нутагт амьдарч буй П.Бандинз (малчин Д.Сосор агсны эхнэр) гуай “Энд их том тогоо байхыг би багаасаа мэднэ. Түүнийг “Чингис хааны тогоо” л гэлцдэг байсан. Дотроо дүүрэн юмтай, ойр хавьд нь хонины толгой олон байдаг байсан” хэмээн хүүрнэсэн юм.

Тогоог цуурсны орой маш их салхи, шороо босч, түүнээс хойш тэр тогоог цуулсан хүнийг Илгай гэж нэрийддэг байсан хэмээн хуучлах нь ч бий.

Нутгийн ардын домог ярианд Чингис хаан энд суудаг байсан тухай өгүүлдэг ба Их газрын чулуунд хэдэнтээ малтлага хийсэн археологич Х.Пэрлээ "Их газрын чулуунд хориг буй" хэмээн онцлон тэмдэглэжээ.

Ир хориг, Их газар хэмээх газрын нэр хийгээд эзэн хааны олон домогт газар “Их газрын чулуу”-ны уулнаа байгааг холбон үзэж тус аймгийн түүхч, багш Х.Чунт энэ уулнаа Чингис хааныг нууцлан оршуулсан байж болох тухай санал дэвшүүлж байсан тухай Дундговь аймгийн 80 жилийн ойн түүхэн номд тэмдэглэжээ.  

“Чингис хааны ганзагалааны тогоо”-г орлуулсан тогоо бүхий энэхүү газар нь Дундговь аймгийн Гурвансайхан сумаас зүүн хойш  25 орчим км-т байдаг. 



Холбоотой мэдээ