"Түйн голын жавар-2023” өвлийн наадмыг соёл, спорт, аялал жуулчлалтай хослуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-02-07 12:34:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд гаргаад буй “Welcome to Mongolia-Event 2023” хуанлигаар энэ сарын 11-12-нд нийслэлийн “Скай ресорт” цанын баазад “Улаанбаатар-Өвлийн наадам” болно. Мөн Хөвсгөл аймагт “Цаа, цасны баяр”-ыг 27-28-нд зохион байгуулах юм.


Түүнчлэн өвлийн аялал жуулчлалын хүрээнд “Түйн голын жавар-2023” өвлийн наадам энэ сарын 11, 12-нд Баянхонгор аймаг, Түйн голын толин цэнхэр мөсөн дээр болох гэж байна.Долоо дахь жилдээ болох тус үйл ажиллагаагаар Халх Монголын өв соёлыг сурталчилдаг онцлогтой. Соёл, спорт, аялал жуулчлалын төрлүүдтэй хослуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, тэдний уялдаа холбоог сайжруулан, эрүүл агаарт зөв боловсон амрах дадал зуршлыг төлөвшүүлэх зорилт тавьж буйг зохион байгуулагч нар мэдээллээ.


Мөсний баярын үеэр Монгол үндэсний хувцастай сайхан хос шалгаруулах, мөсөн шагай, хээрийн амт (байгууллагууд уламжлалт ахуй соёлоо илэрхийлэн тохижуулсан байдал), тэшүүрийн уралдаан, мөсөн сур, шагайн наадгай зэрэг тэмцээнүүд болох аж. Оролцох багууд үндэсний онцлогийг харуулсан Монгол хувцастай оролцож, өөрсдийн хотхоноо мөсөн урлалын бүтээлээр тохижуулах аж. Энэ жилийн Мөсний баярыг Баянхонгор аймгийн ИТХ, аймгийн Засаг даргын Тамгын газар, БОАЖГ, Баянхонгор сумын захиргаа, Биеийн тамир спортын газар, Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулна.


Мөсөөр урласан бүтээлийг оролцогч байгууллагууд орон нутгийн онцлог, өв уламжлал, түүх соёл, байгалийн өвөрмөц тогтоц байдлыг илэрхийлсэн шинэлэг мөсөн урлал хийж тусгайлан бэлтгэсэн талбайд байрлуулна. Наадмын үеэр орон нутгийн онцлогийг илэрхийлсэн гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, морь, тэмээ унах, мөсөн чарга унах, “lce drift" уралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ