Дулааны станцын засварт шаардагдах төсвийг танилцуулахыг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-08-31 13:01:48

Шинээр томилогдсон Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өөрийн дэргэдэх зөвлөлийн анхны хуралдаанаа өчигдөр удирдан явууллаа.

Тэрээр энэ удаагийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал Төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай аймгийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сайнцог, “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын дарга Э.Эрдэнэбаатар нарын мэдээллийг сонслоо. Уг мэдээлэлд аймгийн газар тариалангийн салбарын ургац хураалтын ажлын урьдчилсан дүн, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, аймгийн төвийн Дулаан станцад хийгдэж байгаа засвар үйлчилгээний ажил, цаашид тулгамдаж буй асуудлууд дурдагдсан юм. Мэдээллийн дараа хурлын зүгээс Дулааны станцад шинээр суурилуулах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг худалдан авахад зарцуулах төсвийг боловсруулж ойрын хугацаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Мөн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын тухай мэдээллийг аймгийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Б.Нарантуяа, аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Д.Загдгочоо нар хийлээ. Энэ асуудлаас Сүхбаатар сумын 2-р цэцэрлэгт үүсээд байгаа нөхцөл байдалд үнэлгээ өгөх ажлын хэсгийг ажиллуулж, энэ дагуу холбогдох зураг төсвийг боловсруулан засвар үйлчилгээг хийхийг үүрэг болголоо. Түүнчлэн Аймгийн Худалдан ажиллагааны албаны дарга Б.Хүрэлбаатар, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Отгонбаасан нарын танилцуулсан 2016 онд хийгдсэн худалдан авах ажиллагаа болон хөрөнгө оруулалтын мэдээллийг хэлэлцээд цаашид худалдан авах ажиллагаа болон хөрөнгө оруулалтын ажлын талаар өөрсдийн санал дүгнэлтийг сонслоо.

Эдгээр мэдээллүүдийн дараа аймгийн Засаг дарга Ш.Оргил дээрх мэдээллүүдийн дагуу цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох удирдлагуудад үүрэг чиглэл өгсөний зэрэгцээ Аймаг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, энэ талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг аймгийн ЗДТГ-т үүрэг болгосноор Засаг даргын зөвлөлийн анхдугаар хуралдаан өндөрлөлөө.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

           

Холбоотой мэдээ