Сталинградын тулалдаан: Бидний мэдэх ба мэдэхгүй баримтууд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-02-03 08:24:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн их цус асгаруулсан тулалдаан гэгдэх Сталинградын тулалдаан Зөвлөлтийн Улаан армийн  ялалтаар дууссанаас яг 80 жил өнгөрч байна. Энэ бол түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй байлдааны ажиллагаа байсныг дараах тоо баримтууд гэрчилнэ.


1942 оны 7 дугаар сарын 17-ноос 1943 оны 2 дугаар сарын 2 хүртэлх 200 хоногийн хугацаанд:

...Дон мөрөн, Ижил мөрний дагуух фронтын шугамын урт 400-850 км үргэлжилж байв.

...100 мянган хав.дөр.км газар нутагт тулалдаан өрнөж байв.

...Тулалдааны хамгийн ширүүн оргил үед түүнд 2,1 сая хүн оролцож байв.


Зөвлөлтийн цэргийн "Уран" сөрөг давшилтын ажиллагааны зураглал

Герман ба түүний холбоотнууд 1,5 сая цэргээ /алагдсан, шархадсан, олзлогдсон, өвчнөөр нас барсан, сураггүй алга болсон/ алдсан бол Зөвлөлтийн Улаан армийн хохирлыг 1 сая 130 мянган хүн /480 мянган хүн амь үрэгдсэн/ гэж тооцдог. 

Сталинградад ялалт байгуулснаар стратегийн санаачилга Улаан армид шилжиж,  фашистуудыг ялж чадна гэсэн Зөвлөлтийн ард түмний итгэл сэргэж, ЗХУ руу довтлохоор анаж байсан Турк, Япон хоёр санаархлаа орхиж, Европ даяар фашизмын эсрэг хөдөлгөөн эрчээ авлаа.


...Сталинградын тулалдаантай зэрэгцэн Африк тивд, Египетийн Эль-Аламейн хотын орчимд  Их Британийн арми холбоотон орнуудын цэргийн дэмжлэгтэйгээр Эрвин Роммелийн командалсан Герман-Италийн холбоотны армийг бутцохижээ. Энэ тулалдаан Дэлхийн II дайны явцад эргэлт гаргасан, дайны хувь заяаг шийдсэн гэж барууны зарим судлаачид үздэг байна. Гэтэл Эль-Аламейны тулалдаан 80 хоног үргэлжилсэн бөгөөд байлдагч талуудын хүлээсэн хохирлыг Сталинградын тулалдааныхтай харьцуулах аргагүй юм.   


...Зөвлөлтийн Улаан армийн Дээд командлал 1942 оны 11 дүгээр сарын 19-нд явуулахаар төлөвлөсөн сөрөг давшилтаа сайтар нууцалж чадсанаар Германы генералуудыг төөрөгдүүлж, ялалт байгуулжээ. Давшилтын талаар фронт дээр тулалдаж буй армиудын командлагч нарт хүртэл мэдэгдээгүй бөгөөд 62-р армийн командлагч Чуйков томоохон ажиллагаа болох гэж байгааг цэргийн жанжны мэдрэмжээрээ бүдэг бадаг таамаглаж байсан ажЗөвлөлтийн НКВД ба Германы “Абвер” тагнуулын албанд давхар ажиллаж байсан Макс гэгчээр дамжуулан “Ржевийн чиглэлд давшилтын ажиллагаа эхлэх гэж байгаа” тухай мэдээллийг германчуудад өгсөн байна. Сөрөг давшилт эхлэхийн өмнөхөн Г.Жуковыг Сталинградаас явуулж, түүнд Ржев-Вязьмын ажиллагааг удирдах үүрэг өгснийг германчууд тэр даруйд нь олж мэджээ. Ингээд Германы армийн 4 танкийн дивизийг оросуудын цохилт өгөх гэж буй чиглэл рүү илгээсэн байна. Сталин “маш нууц тоглолт” хийж буйг Ерөнхий Дээд командлагчийн орлогч болох Г.Жуков хүртэл мэдээгүй гэдэг.  

Германы 6-р армийн командлагч, генерал-фельдмаршал Ф.Паулюс бууж өгөв.

...Германы холбоотнууд болох Румын, Унгар, Итали, Хорватийн цэргүүд Сталинградын тулалдаанд оролцсон байна. Тухайлбал, 18 дивизээс бүрдэх, 228 мянган хүний бүрэлдэхүүнтэй Румыны 3-р ба 4-р арми Вермахтын өмнөд жигүүрийг  халхалж байв.


...Сталинград хотод хүний ой тойнд төсөөлөгдөхийн аргагүй асар ширүүн тулаанууд өрнөж байсан бөгөөд тулааны бүсэд нэвтэрсэн Зөвлөлтийн ба Германы цэргүүдийн хувьд амьд байх хугацаа 15 минут байсан гэдэг. 


...Сталинградын районд Зөвлөлтийн удирдагчдын хүүхдүүд тулалдаж байжээ. Нисгэгч Василий Сталин дайсны 2-3 онгоцыг сөнөөсөн бол Владимир Микоян агаарын тулаанд амь үрэгджээ. Мөн Леонид Хрущев фронтод тулалдаж байв. 51-р армийн бүрэлдэхүүнд ахлах дэслэгч Александр Невскийн удирдсан автоматчдын тусгай бүлэг тулалдаж байсан бөгөөд армийн улс төрийн газраас “Невский бол эртний Оросын алдарт хунтайжийн удмын хүн” гэх яриаг тараажээ. Харин Германы армид Бисмаркийн зээнцэр хүү байлдаж яваад олзлогдсон байна


...1942 оны 8 дугаар сарын 23-нд Германы нисэх хүчин Сталинград хотыг бөөн хүчээр бөмбөгдсөний улмаас 40 мянган хүн амиа алджээ. Харьцуулахад, 1945 оны 2 дугаар сард Англи-Америкийн холбоотны нисэх онгоцууд Дрезденийг бөмбөгдсөнөөр 25 мянган хүний аминд хүрсэн байна.

...Герман цэргүүдийн дурсамжинд өгүүлснээр, тулалдааны үеэр тэдэнд зэрэгцээ хийсвэр ертөнцөд байгаа мэт мэдрэмж төрж байжээ. Аливаа ажлыг яс гүйцэтгэдэг герман хүний төрөлхийн чанар нь ор мөргүй алга болсон мэт. Германы цэргийн командлал ямар ч утга учиргүй мулгуу тушаал өгч, онцын шаардлагагүй байрлалууд руу давшилт хийснээр олон мянган цэргийнхээ амийг хий дэмий золиосолж байв. Хамгийн хачирхалтай нь, бүслэлтэнд байгаа герман цэргүүдийг аврахаар ажиллаж байсан нисгэгчид хоол унд, хувцас хунарын оронд эмэгтэй хүний булган шубнуудыг агаараас бөөнөөр нь хаяж байсан гэдэг. 


...Германчууд асар их давамгай хүчээр довтолж байсан тул Сталинград хотод айж сандрах явдал нийтийг хамарч, эмх замбараагүй байдал газар авсан тул үүнийг зогсоохын тулд В.Сталин “Алхам ч ухарч болохгүй!” гэсэн 227 тоот тушаал гаргажээ. Тушаал ёсоор, чанд сахилга батыг сэргээн тогтоохын тулд тулалдааны талбараас зугтах, ухрах, бууж өгөхийг завдсан цэрэг офицерүүдийг газар дээр нь буудаж байжээ.  “Ижил мөрнөөс цааш ухрах газар үгүй” 


...Сталинградын тулалдааны домогт баатар бол мэргэн бууч Василий Зайцев юм.  Тэрбээр танк эсэргүүцэгч бууны онилогч дуранг өөрийнхөө Мосины винтов буунд угсарч тогтоогоод дайсны 225 цэргийг устгасан байна. Мөн 28 мэргэн буучийг өөрийн гараар сургаж бэлтгэжээ


...Зөвлөлтийн суртал нэвтрүүлэгчид дайсны цэргүүдийн сул талуудыг чадамгай ашиглаж, сэтгэлзүйн дайралт хийж байжээ. Жишээ нь, герман цэргүүд хөгжим сонсох дуртай тул фронтын тэргүүн шугам дээр зоосон чанга яригчаар Германы эртний алдартай дуу хөгжмүүдийг сонсгож байв. Энэ нь немцүүдийн сэтгэл санаагаар унагаж, ганихрахад хүргэжээ. Хөгжим түр завсарлах зуур фронтын аль нэгэн хэсэгт Зөвлөлтийн цэргүүд довтолж байгаа тухай мэдээг цацаж, Гитлерийн эсрэг уриа лоозонг нэвтрүүлнэ. Иймэрхүү сэтгэлзүйн дайралтуудын нэг жишээ бол, цагийн зүү нэгэн жигд хэмээр цохилох чимээг чанга яригчаар сонсгосны дараа “7 секунд тутамд Германы нэг цэрэг амиа алдаж байгаа” тухай мэдээг цацна. Үүний дараа цасанд хучигдсан их тал нутаг даяар танго бүжгийн аялгуу эгшиглэнэ.


...Сталинградын тулалдааны дараа Зөвлөлтийн засгийн газар хуралдаж, хотыг сэргээн босгох нь шинээр хот байгуулахаас илүү зардал чирэгдэлтэй гэсэн дүгнэлтийг хийжээ. Мамаевын толгод дээр гэхэд асар олон сум туссан учраас тулалдаан дууссанаас хойш 2 жилийн турш ногоо ургаагүй гэдэг. Гэвч Сталин хотыг заавал сэргээн босгохыг шаардаж байжээ. 

Холбоотой мэдээ