ДАРХАН-УУЛ: Гурван байгууллагад орон сууц барих газар олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-01-20 15:03:15

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Газар нутгийн хэмжээ бага, иргэн бүрт газар олгох боломжгүй тул гэр хорооллыг тэлэхгүй, орон сууцжуулах бодлого орон нутгаас баримталж байна. 2013 оноос хойш Дархан сумын нутагт иргэнд өрхийн зориулалтаар газар олгохыг хориглосон.  Гэр хорооллыг тэлэх бус бууруулах, нийслэл хотын утааны асуудлыг орон нутагт давтахгүй байх тал дээр орон нутгийн удирдлагууд тодорхой шийдвэрүүдийг гаргасаар ирсэн. Өнөөдрийн байдлаар Дархан сумын хэмжээнд 5600 гаруй яндан тоологдсон аж. Гэр хорооллыг тэлэхгүй байх нь хот болох суурь зарчмын нэг гэдгийг ч орон нутгийн удирдлагууд онцолж байсан.



Тиймээс 2035 он хүртэлх Дархан хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд орон сууцжуулах, томоохон хотхон, хорооллыг барих нь чухал гэж онцолжээ.

Үүний хүрээнд томоохон аж ахуй нэгж байгууллагууд барилгын компанитай харилцан тохиролцож хямд үнэтэй орон сууц барих, ажилчдад хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах нөхцөлтэй гэрээ байгуулсан тохиолдолд барилга барих газрыг шийдвэрлэх боломжтойг аймгийн засаг дарга мэдээлж байсан.  


Аймаг, орон нутгийн зүгээс барилга барьж иргэдэд хямд үнээр худалдан борлуулах боломжгүй тул түүнийг хэрэгжүүлэх боломж бүрдүүлсэн томоохон компаниудад орон сууц барих газар олголоо. Тодруулбал “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК, аймгийн ҮЭХ зэрэг гурван байгууллага дотооддоо хэлэлцэн шийдвэрлэж барилгын компанитай харилцан тохиролцсоны үндсэн дээр хямд үнэтэй орон сууц барихаар болсон аж.

  


Дархан сумын 2023 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дархан сумын нутаг дэвсгэрт төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан дээрх гурван байгууллагад орон сууц барих зориулалттай газар эзэмшүүлэх захирамжийг аймгийн Засаг дарга Б.Азжаргал байгууллагын удирдлагуудад гардууллаа.

Дээрх байгууллагуудын ажилтнуудын 40-50 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг аж. Ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж шат шатаар урагшилж буйд удирдлагууд талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.




Мөн иргэдэд түрээсээ төлөөд тодорхой хугацааны дараа өмчилж авах боломжтой түрээсийн орон сууц барих барилгын компаниудад газар олгох боломжтой гэж аймгийн засаг дарга мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ