СҮХБААТАР: Баяндэлгэр суманд улсын төсвөөр барьж буй хоёр ч барилга гацсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймагт чадваргүй компанийг
барилгын тендерт шалгаруулснаас болж улс, орон нутгийн төсвийн хөрөнгө гацах
үүнийгээ дагаад тухайн сум орон нутгийн иргэд, хүүхэд багачууд хохирох байдал
их гарч байгаа. Жишээлбэл, Баяндэлгэр
суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн цэцэрлэг, 300 хүний
суудалтай соёлын төвийн барилгын ажлууд эхэлсэн ч хэдэн жил дамнан царцаж
байна.
Цэцэрлэгийн барилгын
тухайд 2018 онд БШУЯ-ны захиалгаар
Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газраас тендерийг зарлан "Оточ
ноёдууд" компани шалгарсан. Ингээд 2018, 2019 онд алдаг оног ажил хийгээд
2020 оноос хойш зогссон. Энэ цэцэрлэгийн барилга 2 засаг, олон сайдын нүүр
үзсэн. Аймаг сум орон нутгийн удирдлагууд, БШУГ зэрэг холбогдох газрууд ажлыг
урагшлуулах чиглэлээр гүйцэтгэгч талтай удаа дараа уулзаж, шахаж шаардсаар
ирсэн ч тусыг олоогүй байна. Баяндэлгэр сумын хүүхдийн цэцэрлэг нь 8 бүлэгт 250
орчим хүүхэдтэй. Одоогоор нэмэлтээр дөрвөн гэрт сургалтын үйл ажиллагаагаа
явуулж байна.
Тус суманд ажил нь эхлээд зогссон удаах барилга бол 300 хүний суудалтай соёлын төв. Сүхбаатар аймгаас тендерийг зарлаж, "Мастер вөрд" компани шалгарсан байдаг. 2021 онд нэг давхрын ажил хийгдээд бас зогссон. Шалтгаан нь барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарладаг. Барилгын материалын үнэ буурахыг хүлээх ёстой юу. Эсвэл чадваргүй компанийг чадавхжтал хүлээх үү гэдэг асуулт сумын иргэдийн дунд үлджээ.
Байдал үнэхээр хүнд
байгаа. Ажлын багууд удаа дараа компанийн удирдлагуудад боломж олгосон ч ажил
урагшлаагүй. Бид тухайн компанийн гэрээг цуцлах саналыг хүргүүлсэн. Сумын цэцэрлэг
2018 оноос хойш гэр цэцэрлэг хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо ямар
эрин үе билээ. Энэ бол хариуцлагагүй, чадамжгүй компаниас болж хүүхдийн сурч
хүмүүжих эрхийг ноцтой зөрчиж буйн тод жишээ юм. Соёлын төвийн барилгын ажил ч
цааш хэрхэх нь тодорхойгүй байгаа. Орон
нутгийн зүгээс ажиллах хүч, техник хэрэгслийн дэмжлэгийг ч үзүүлж байсан. Учир
нь зарим компани нь дан түрээсийн техниктэй, сар сараар хүн олж ажиллуулдаг
нөхцөл байдалтай байсан. Ер нь аливаа барилгын тендерт оролцогчийг шударга
шалгаруулдаггүй, танил талаа харж ямар ч дадлага туршлагагүй, чадваргүй
компанийг сонгодог нь барилгын ажил гацах
үндсэн шалтгаан болж байна гэж бид дүгнэж байгаа гэж Баяндэлгэр сумын Засаг
дарга Л.Аваадорж хэллээ.
Барилгын ажил эхлээд
хэдэн жил дамнан байж ашиглалтад ордог жишиг тус аймагт тогтох нь. Аль 2017 онд
эхэлсэн Баруун-Урт сумын тавдугаар сургуулийн барилга одоо ч дуусаагүй байгаа. Сүүлийн
жилүүдэд цар тахал, үнийн хөөрөгдөл гээд асуудал байсан. Гэхдээ үүрэг хүлээсэн
бол хариуцлагатай, сэтгэлтэй байх нь чухал. Орон нутагт ажил гүйцэтгэж байгаа
компаниудыг нийтлэг төрх энэ. Мэдээж олон
жил салбартаа ажилласан, хүн хүч техник тоног төхөөрөмж сайтай, учирсан санхүүгийн
асуудлаа шийдвэрлэчихдэг компаниуд жилд хэд бол хэдэн ажил эхлүүлж, дуусгаж
байгаа жишээ ч бий. Тэгэхээр хамгийн гол нь том жижиг гэлтгүй ямар ч ажлын
гүйцэтгэгчийг сонгохдоо маш сайн үндэслэл, судалгаатай байж учирч болох
эрсдэлийг даваад гарчих чадамж, нөөцтэй компанийг сонгох нь хамгийн чухал байна.