ГОВЬ-АЛТАЙ: 8135 малчин өрхөд 3,2 орчим сая толгой мал өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-01-13 15:31:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 89.6 хувь их, үүний 17.5 хувь зудын нэн их эрсдэлтэй байна.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн 12 дугаар сарын 1-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл, нийт нутгийн 89.6 гаруй хувьд их (нэн их 17.5 хувь, их 72.1 хувь), 10.4 хувьд нь дунд зэрэг, 1 гаруй хувьд бага эрсдэлтэй гарчээ. Тухайлбал, Жаргалан, Шарга, Тайшир, Бугат сумын ихэнх нутагт зуд болох нэн их эрсдэлтэй бол Хөхморьт, Баян-Уул, Төгрөг, Алтай, Есөнбулаг, Дэлгэр, Тонхил, Дарив, Халиун, Цээл, Цогт, Эрдэнэ сум их эрсдэлтэй гарсан тухай холбогдох албанаас мэдээлэв.


Говь-Алтай аймгийн тухайд 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 18 сумын 88 багийн 8135 малчин өрхөд 3,2 орчим сая толгой мал тоолуулсан. Өнгөрсөн зун газрын гарц тааруу байсантай холбоотойгоор өвөлжилт хүндэрч зудын болж болзошгүй сумд бий. Одоогоор тус аймагт 272 мянган толгой мал өөрийн болон бусад аймагт өвөлжихөөр оторлож буй аж.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу тус аймаг нөөцдөө 200 тонн өвс, 50 тонн тэжээл бэлтгэсэн тухай тус аймгийн ХХААГ-аас танилцууллаа.


Холбоотой мэдээ