Зам цэвэрлэгээний машин 4 үйлчлэгчийн нэг өдрийн ажлыг гүйцэтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-13 10:45:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хотын өнгө үзэмжийг сайжруулах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхээр зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т өнөөдөр хүлээлгэн өглөө.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын өнгө үзэмж, цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилтыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцдаг. Энэ үйлчилгээг сайжруулах, бүтээмжийг нь нэмэхэд шаардлагатай байгаа цэвэрлэгээний машиныг хүлээлгэн өгч байна. Цаашид ч тоног төхөөрөмжийг шинэчилж, хүрэлцээг нэмэхээр нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажил бий. Мөн хөрш орнууд, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагатай хамтарч ажиллах хэлэлцээр хийж байна” хэмээв.


Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Ирэх сараас том оврын, тусгай зориулалтын техникүүдийг оруулж ирнэ. Олон улсын байгууллага, Элчин сайдын яамд, найрамдалт харилцаатай хотуудын хамтын ажиллагааны хүрээнд санхүүжилтийг шийдэх боломжтой” гэжээ.



Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг “Өвөл эдгээр машиныг үйлчилгээнд ашигласнаар зам, талбайн үйлчлэгч нарын ажил хөнгөрч, бүтээмж нэмэгдэнэ. Нэг машин 4 үйлчлэгчийн 1 өдрийн ажлыг гүйцэтгэнэ. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т одоогоор цэвэрлэгээний 17 машин байгаа. Үүн дээр 28 нэмэгдлээ. Замын мөсийг хусаж цэвэрлэх, нэмж орж буй цасыг сорох, зам угаах зориулалтын машин хэрэгтэй байгааг үе шаттайгаар шийднэ” хэмээлээ.


БНХАУ-ын “Greenhub” маркийнх зам, талбайн цэвэрлэгээний эдгээр машин нь моторын хүчин чадал, өгсүүр замаар явах хүч нь одоо ашиглаж буй машиныхаас илүү, мөн тэвшээ автоматаар буулган хог хаягдлаа асгадаг, өвөл зуны аль ч улиралд ажиллах давуу талтай аж. 

Холбоотой мэдээ