БАЯН-ӨЛГИЙ: Орон нутгийн хөгжлийн сангийн 2,7 тэрбум төгрөгөөр 96 төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-01-10 09:57:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2023 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх худалдан авах ажлын төлөвлөгөөг зарлалаа.

Үүнд 665 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төрлийн барилгын ажил хийхээр төлөвлөжээ. Мөн 241 сая төгрөгөөр Өлгий сумын 8, 6, 11 дүгээр баг, Алтай сумын төв болон Цагааннуур тосгоны Улаанбайшинтад гэрэлтүүлэг тавина.

Орон нутгийн хөгжлийн сангийн 177,9 сая төгрөгөөр Ногооннуур сумын Хавцлын амын замыг засварлах, Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт явган хүний зам тавих, тус сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр дэх замыг засварлах, Цэнгэл сумын Урт хүйтний голд модон гүүр барихаар тусгажээ.

Түүнчлэн санийн 262,4 сая төгрөг хөрөнгөөр Баяннуур, Булган, Өлгий, Толбо, Цэнгэл сумдын айл өрхүүдэд цахилгаан дамжуулах агаарын шугам татах, дэд станц тавих, цахилгааны шугамыг шилжүүлэх зэрэг ажлуудыг хийх аж.

Өлгий, Ногооннуур, Алтанцөгц, Толбо сумдын зарим багуудад гүний худаг гагахад 96,9 сая төгрөг төсөвлөсөн байна.

Харин албан байгууллага, сумдад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хатуу зөөлөн эдлэл нийлүүлэх зэрэг 39 ажлыг 769,4 сая төгрөгөөр хэрэгжүүлнэ. Мөн ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудын зураг төсвийг хийх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гаргах, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх, техникийн нөхөн сэргээлт хийх зэрэг ажилд 516 сая төгрөг зарцуулна.

Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ онд нийтдээ 2 тэрбум 728 сая төгрөгийн үнийн дүнтэй 96 төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс 2 тэрбум 224 сая төгрөгийг нь тухайн ондоо санхүүжүүлэх ажээ.  

 

Холбоотой мэдээ