ТӨВ: Аймгийн хэмжээнд 1.172.282 ширхэг мод бут, сөөг тарьж ургуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-01-09 15:07:58

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 4-ний 58 дугаар зарлигаар “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн хэмжээнд 20 сая мод тарих төлөвлөгөөг боловсруулсан. Үүний хүрээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд 1.172.282 ширхэг мод бут сөөг тарьж ургуулсан байна.

Үүнд 1364 аж ахуйн нэгж байгууллага, 8468 иргэн оролцжээ. Харин сумдын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, цөлжилт газрын доройтлыг бууруулах зорилгоор 11 суманд тус бүр 1 га талбайд хашаа хамгаалалт бүхий ногоон байгууламжийг барьж байгуулсан байна. Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор 110039 ширхэг мод бут, сөөгийг албан байгууллага, айл өрхийн хашаанд тариулж, ногоон байгууламжийн талбай 32.9 га-р нэмэгдүүлжээ.


Төв аймгийн хувьд нийт газар нутгийн 76.8 орчим хувь нь цөлжилтөд өртсөнөөс нэн хүчтэй зэрэглэл цөлжилтөд өртсөн талбай 6.1 хувь, хүчтэй зэрэглэлээр цөлжилтөд өртсөн талбай 21.8 хувь, дунд зэрэглэлийн цөлжилтөд өртсөн талбай 24.4 хувийг тус тус эзэлж байгаа судалгаа гарсан байна.

Аймгийн 1.3 сая га талбайг ой эзэлдэг бөгөөд Лүн, Батсүмбэр, Мөнгөнморьт суманд сум дундын 3 ойн анги үйл ажиллагаа явуулдаг. Мөн Эрдэнэ, Мөнгөнморьт, Батсүмбэр зэрэг суманд Якобсоны төөлүүрч эрвээхэй 9000 га талбайд голомтлон тархсан байгаа тул орон нутгийн төсвийн хөрөнгөөр тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа аж.

Холбоотой мэдээ