ТӨВ: Дулааны станц 2024 онд ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-01-09 13:02:00

Төв /МОНЦАМЭ/ 2022 онд Зуунмод хотын дэд бүтцийн хангамж, түүний эх үүсвэрийг нэмэгдүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн. Тэдгээрийн нэг нь БНСУ-ын санхүүжилтээр Зуунмод хотод Дулааны станцын барилгын ажил эхэлсэн үйл явдал байв.

Тус төслийн нийт төсөвт өртөг 48 тэрбум төгрөг бөгөөд энэ жил суурийн ажил бүрэн хийж, ирэх жил зуух суурилуулах ажлыг гүйцэтгэснээр 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Тодруулбал, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод 30 мегаваттын дулааны станц барих ажлыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр эхлүүлсэн. Энэхүү дулааны станц нь аймгийн төвөөс 2,5 км зайд 9 түгээх төв бүхий 10,1 км шугамын урттай, нийт 17 барилга байгууламжтай байхаар төлөвлөсөн ба үндсэн барилгын суурийн ажлыг хийж байна.


Шинэ дулааны станц ашиглалтад орсноор Зуунмод хотын 118 аж ахуйн нэгж, 70 төсөвт байгууллага, 421 нийтийн болон амины орон сууц дулааны эрчим хүч болон хэрэгцээний халуун усаар хангагдах юм. Түүнчлэн Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэффициент 85-90 хувийн өндөртэй тул нүүрсний хэрэглээг 40 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувь хүртэл бууруулах юм. Энэхүү станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал, одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцрыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулах ач холбогдолтой.

Аймгийн төв иж бүрэн төвлөрсөн дулаан хангамжийн системтэй болсноор иргэдийн амьдрал, нийгэм эдийн засагт эерэг нөлөөтэй гэдгийг албаныхан хэлж байна. Үүнд хэрэглэгчид жилийн турш найдвартай халаалт, хэрэгцээний халуун усаар хангагдах, аймгийн төвийн агаарын чанар сайжирч, амьсгалын замын өвчлөл буурах, ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангасан 100 гаруй ажлын байр шинээр бий болох, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэж, бүс нутгийн хөгжилд эергээр нөлөөлөх зэрэг ач холбогдолтой аж. 

Холбоотой мэдээ