Дизель түлшийг 2023 онд олон улсын зах зээлийн үнээс 10 хувиар хямд авахаар тохиролцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-28 11:51:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ шатахууны хангамж, үнийн талаар ОХУ-ын Роснефть нээлттэй хувьцаат нийгэмлэг компанитай хэлэлцээ хийж, 2023 оноос дизель түлшийг олон улсын зах зээлийн үнээс 10 хувиар хямд авах, АИ-92 автобензиний тонн тутмын үнийг 815 ам.доллараар 5 жилийн хугацаанд тогтворжуулахаар тохиролцжээ.


Дизель түлшний хомсдолтой холбоотой Роснефть НХН-д хүсэлт тавьснаар Монгол Улсад сар тутамд нийлүүлдэг 50-60 мян.тн дизель түлшний хэмжээг нэмж 12 дугаар сард 83 мян.тн дизель түлш нийлүүлэхээр захиалгаа баталгаажуулсныг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэв.


Тэрбээр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын талаар ярихдаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн гүйцэтгэл 20, Оюутолгойн далд уурхайн төслийн барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. “Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийн ТЭЗҮ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, ерөнхий төлөвлөгөөг баталсан. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх тендерийг энэ сарын 16-нд нээн үнэлгээ хийж байна. ГТБҮ төслийн технологийн бус барилга байгууламжийн ажил /EPC-1/-ын барилга угсралтын гүйцэтгэл 75 хувьтай байгааг дурдлаа.


"Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийг эрдэс баялгийн нөөцөөр хангахаар Эрдэнэтийн стратегийн ордын хил зааг дотор өнгөт металлын хэтийн төлөвтэй 99.5 мян.га талбай бүхий 6 ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ. “Эрдэнэт ТӨҮГ-ын мэдээлснээр геологи, хайгуулын ажлыг орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашигласны дүнд үйлдвэрийг цаашид 60 жил ашиглах боломжтой болжээ.


ҮАБЗ-өөс тусгай зөвшөөрөл олголтыг үргэлжлүүлэх тухай зөвлөмж гарсны дагуу УУХҮЯ бэлтгэл хангаж байна. АМГТГ-ын шийдвэрээр 25 талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарлажээ. Ингэхдээ нийт тусгай зөвшөөрлийн тоог нэмэхгүй зарчим баримталж, өмнө хүчингүй болгож цуцалсан талбайн тоотой тэнцүү хэмжээгээр нэмж зарлах байдлаар үргэлжлүүлэх аж. Он гарснаас хойш хуульд заасан үндэслэл бүрдсэн ашиглалтын 23, хайгуулын 24, нийт 47 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Мөн хугацаа дууссан 97 тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосныг салбарын яам мэдээллээ.


Засгийн газрын “Гадаад валютын албан нөөц нэмэгдүүлэх тухай” тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжина. УУХҮЯ, СЗХ, МХБ, “Эрдэнэс Тавантолгой ХК-йн төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрсийг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан цахим биржээр арилжихаар бэлтгэж байна. Тус компанийн экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмын төсөл боловсруулаад байгаа бөгөөд хуульд заасны дагуу яамдаас санал авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм. 


Ашигт малтмалын хайгуулын суурь судалгааг чанаржуулах, шинэ-дэвшилтэт технологиор гүйцэтгэх зорилгоор улсын төсөвт 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилт суулгав. Энэ хүрээнд Геологийн суурь судалгаа, эрэл, хайгуулын салбарт нэвтэрсэн орчин үеийн шинэлэг арга, аргачлал, техник технологи ашиглан Монгол орны зарим бүсэд үнэт, өнгөт, ховор металлын хэтийн төлөв тогтоох судалгаа хийх аж.


Салбарын хууль тогтоомжийг шинэчлэх, боловсронгуй болгохоор дараах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байна. Тодруулбал, Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл юм. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна

Холбоотой мэдээ