КАТАР-2022: Австрали, Польш, Франц, Аргентин өрсөлдөгчдөө яллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-27 13:56:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр орой болон шөнө “Катар-2022” ДАШТ-ий хоёрдугаар тойргийн ээлжит тоглолтууд болж, хамгийн эхэнд /11.26/ 18.00 цагаас  D хэсгийн Тунис  шигшээ баг Австралийн шигшээтэй өрсөлдөж 1:0-ээр австралчууд ялалт байгуулав.


Австрали улсын шигшээ багийн хувьд 12 жил хүлээсэн дэлхийн аваргын ялалтаа авч чадлаа. Энхүү тоглолтын ганц гоолыг Митчелл Дюк хэмээх Японы 2 дугаар лигт тоглодог залуу мөргөж оруулав.



Тунис ч тооны харьцааг тэнцүүлэх гэж олон удаа оролдлого хийсэн ч Австралийн хаалгач Мэт Райан сайн хамгаалсан юм. Тус тоглолтын шилдгээр Митчелл Дюк тодров.


Дараагийн тулаан /11.26/ 21.00 цагаас С хэсгийн Польш-Саудын Араб хооронд өрнөж Пётр Зелинский эхний хагаст гоолдож, Роберт Левандовски багийнхаа тэргүүллийг баталгаажуулж, 2 дугаар үед гоол оруулж польшууд 2:0-ээр өрсөлдөгчөө буулгаж авлаа.


Супер довтлогч Левандовски /34 настай/ дэлхийн аваргын анхны гоолоо оруулсан нь энэ юм. Тоглолтын эхний үед Саудын Араб торгуулийн цохилт хийх эрхтэй болсон ч Польшийн шигшээ багийн хаалгач Войцех Щенсный Аль-Давсаригийн цохилтыг хамгаалж чадсан юм.



Саудын Арабын баг гоол оруулах гайхалтай боломжууд гарсан ч гоол болгож чадалгүй тоглолт дууссан. Тус тоглолтын шилдгээр Роберт Левандовски тодорчээ.


Тоглолтын дараа Р.Левандовски: “Хүн нас ахихаар сэтгэл хөдлөл их болдог юм байна. Энэ миний сүүлийн дэлхийн аварга гэдгийг мэдэж байсан. Шигшээ багийнхаа төлөө тоглож л байгаа бол үр дүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бас сайн үзүүлэлттэй байхыг хүссэн. Би үргэлж ДАШТ-д гоол оруулахыг хүсдэг байв. Мөрөөдлөө биелүүлж чадлаа” гэв.


Саудын Арабын дасгалжуулагч Эрве Ренар: “Бид цааш ч шалгарах боломжтой. Бид дэлхийн аваргын сүүлийн секунд хүртэл тоглох болно. Харин тэр нь дараагийн удаа эсвэл өөр удаад байсан ч хамаагүй, бид бууж өгөхгүй. Манай фэнүүд ч бууж өгөхгүй гэж найдаж байна. Фэнүүд шигшээ багаа дэмжих хэрэгтэй. Ирэх хэсгийн гурав дахь тоглолтод ч сайн дэмжээрэй. Би цэнгэлдэхийг дахин нэг удаа ногоон өнгөтэй болохыг хармаар байна” гэлээ.


Өнгөрсөн шөнө /11.27/ 00.00 цагаас “Катар-2022” ДАШТ-ий 2 дугаар тойргийн D хэсгийн гал гарсан тулаан Франц болон Данийн хооронд өрнөж, Франц хүчирхэг өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авсан юм.


Францын гайхалтай довтлогч К.Мбаппе Данийн хаалганд хоёр гоол оруулж, баг нь хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй боллоо. Тус тоглолтын эхний гоолыг Мбаппе 61 дэх минутад оруулсан ч Андреас Кристенсен 68 дахь минутад гоолдож тэнцүүлэн 1:1 болгосон. Харин тоглолтын 86 дахь минутад Мбаппе дахин гоол оруулсан юм. Данийн шигшээ багт гоол оруулах олон боломж гарсан ч аз, од нь гийж чадсангүй. Энэхүү тоглолтын шилдгээр Килиан Мбаппе тодров.



Франц-Дани хоёр 2018 оноос хойш гурван удаа таарч тоглоход Дани 2 ялж, нэг тэнцээд байсан юм. Харин энэ удаа Франц давдаггүй давааг гэтэлж, 7 жилийн дараа анх удаа Данийг хожиж байгаа аж.


Шөнө дунд буюу /11.27/ 03.00 цагаас ДАШТ-ий 2 дугаар тойргийн С хэсгийн Аргентин улсын шигшээ баг Мексикийн шигшээ багтай хийсэн ширүүн тулаанд аргентинчууд 63 минут тэмцэж байж, 64 дэх минутад /Месси/ эхний, 87 дахь минутад / Фернандез/ 2 дахь гоолоо оруулан Мексикийн шигшээг 0:2-оор яллаа.



Аргентин энэ тоглолтод хожигдсон бол дэлхийн аваргыг орхиж гэртээ харих байв. Маш хүндхэн байдалд ороод байсан чухал тоглолтод Месси гоол оруулснаар баг нь хэсгээс гарах боломжоо хадгалж үлдэв. Мөн 2 дугаар үеэд сэлгээгээр талбайд орж ирсэн Энзо Фернандез ялалтаа баталгаажуулсан 2 дахь гоолыг Мексикийн хаалганд оруулсан юм.


Аргентины дасгалжуулагч Лионель Скалони: “Та нар юу болсныг мэднэ. Дугаар 10 гоол орууллаа. Тэр гоол оруулж, хамгийн сайн хийдэг зүйлээ л хийлээ. Бүх багаараа дэмжиж, бүх талаар сэтгэл хөдөлгөм байлаа” гэв.



Мексикийн дасгалжуулагч Жерардо Мартино: “Бид цааш шалгарах боломж байгаа бол түүнийг ашиглана. Саудын Араб дараагийн тоглолтод биднийг хожиж байж цааш шалгарна. Бид ч бас адил. Тэд гоол оруулах хэрэгтэй. Бид ч бас. Хөлбөмбөгчид уналтаас босч, бүх боломжийг эрэлхийлдэг. Энэ хэцүү юу? Тиймээ, Саудын Арабын хаалганд оруулсан Польшийн 2 дахь гоолыг харахад л хэцүү байсан. Манай эсрэг оруулсан Аргентины гоол ч тийм байв. Ирэх тоглолтод хожих хэцүү ч боломж бий. Бид ялагч нь байх ёстой. Тэднээс илүү гоол оруулах хэрэгтэй” гэлээ.

Холбоотой мэдээ