БАЯН-ӨЛГИЙ: Орон нутгийн 726 иргэнийг ажлын байранд зуучлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-11-21 12:17:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст энэ оны эхний 10 сарын байдлаар 901 ажилгүй иргэн бүртгэлтэй байна.


Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7,8 хувиар буурсан үзүүлэлт юм. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 51.1 хувийг эмэгтэйчүүд, 45.9 хувийг 15-34 насны залуучууд, 30.5 хувийг дээд боловсролтой иргэд тус тус эзэлж байна.


Тус хэлтэст он гарснаас хойш аж ахуйн нэгж, албан байгууллагуудаас 702 ажлын байрны захиалга ирж, 726 иргэнийг ажилд зуучилсан байна.


Дээрх ажилд зуучлуулан орсон иргэдийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл 16.1 хувь нь уул уурхайн олборлох салбарт, 26.5 хувь нь барилгын салбарт, 51.9 хувь нь үйлчилгээний салбарт, 0.9 хувь боловсруулах үйлдвэрлэлийн  салбарт ажилд оржээ.    


Тухайлбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн Яармагийн дэнжид гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах төслийг гүйцэтгэж байгаа “Андын зам констракшн” компанитай гэрээ байгуулж, орон нутгийн 100 гаруй иргэнийг ажилтай болгосон, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өлгий хотыг тойрч гарах авто зам, Ховд голд төмөр бетон гүүр барьж байгаа компаниудад нутгийн иргэдийг ажилд зуучилсан нь орон нутагт ажилгүйдлийг бууруулахад тодорхой нөлөө үзүүлсэн ажээ.  

Холбоотой мэдээ