ГОВЬ-АЛТАЙ: “Алтайн хөгжил шийдэл гарц” уулзалтад 3000 гаруй малчин оролцож байна

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2022-11-19 12:14:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар “Алтайн хөгжил шийдэл гарц” малчдын уулзалт Алтай хотноо эхэллээ.

Орон нутагтаа хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүнийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн бий болгож, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноос, ноолуур угаах, арьс шир, мах махан болон сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг бий болгох ажлыг малчидтайгаа зөвлөлдөн санал солилцож өөрсдийн эрх ашиг, сайн сайхан амьдралын төлөө зүтгэн хамтарч хорших төрийн бодлогыг хэрэгжүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох зорилгоор малчдын уулзалт ийнхүү болж буй юм.


11 дүгээр сарын 19-ний өдөр  болж буй энэхүү уулзалтын нээлтэд орон нутгийн удирдлагууд оролцож, 18 сум 2 тосгоноос хүрэлцэн ирсэн 3000 орчим малчдад уулзалт хэлэлцүүлэгт нь амжилт хүссэн юм. Малчдад:

-Монгол Улсын бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, баримталж буй бодлого, цаашид авах арга хэмжээ, 

-Эрүү зөрчлийн нөхцөл байдал, зонхилон үйлдэгдэж буй гэмт хэргийн талаар,

-Малын хулгайн гэмт хэрэг, түүнтэй тэмцэх арга зам,

-Малчдын санхүүгийн боловсрол,

-Малын гаралтай сүү сүүн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлт, нэмүү өртөг шингээх,

-Монгол болон олон улсын ноос ноолуурын үйлдвэрлэлт, цаашдын чиг хандлага, орон нутгийн ноолуурын үйлдвэрлэлт нийлүүлэлтийн боломж

-Малын мах дайвар бүтээгдэхүүнийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн бий болгох,

-Малын гаралтай түүхий эдийн үнэгүйдэл сэдвээр холбогдох албаны мэргэжилтнүүд мэдээлэл өгөх ажээ.


Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх 4 хөтөлбөр арга хэмжээний танилцуулга хийж, 

-Хорших уу, Хоцрох уу, Хөгжих үү, Үлдэх үү, Хамтрах уу, Хаягдах уу, 

-Малын гаралтай түүхий эдийг анхан болон дахин боловсруулах үйлдвэрийг байгуулан эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж малчдын орлогыг дэмжих талаар илтгэл тавьж мэдээлэл хүргэнэ гэлээ.

Уулзалтын төгсгөлд малчид мэдээлэл авсан дээрх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, хөгжлийн шийдэл гарцаа тодорхойлох аж. Сонирхуулахад, мөн үеэр тус аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний дээжсээс үзэсгэлэн дэлгэж оролцогчдод танилцуулж байна.