БАЯНХОНГОР: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд уулзалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-11-17 15:49:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төв” ТББ, сумын ЗДТГ, БШУГ хамтран өнөөдөр /2022.11.17/ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн төлөөлөл 210 эцэг, эхийн чуулга уулзалтыг зохион байгуулав. 

Уулзалт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдаар дамжуулан тэдний эрхийг хамгаалах, үйл ажиллагааг дэмжих зорилготой.

Чуулга уулзалтыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн Н.Цэдэвсүрэн нээж үг хэлэхдээ, "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах, тэдний эрүүл мэндийг нөхөн сэргээх, засан сайжруулах, чадамжид нь тулгуурлан хөгжүүлэх, боловсрол олгохоор байгуулж байсан уг төв 20 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа"-гаа хэлсэн. Мөн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд 2900 гаруй хүүхэд давхардсан тоогоор хамрагдаж 70 хувь нь сайжирч, 269  хүүхдийг СӨБ, ЕБС, МСҮТ-д холбон зуучлан суралцаж байгаа гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн чуулга уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Наранбаяр, Хотын захирагч Г.Энхбаяр нарын аймгийн удирдлагууд оролцон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах, эцэг эхэд шаардлагатай аливаа төрлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төв” ТББ нь өнөөдрийн байдлаар 16 хүний бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаа явуулахдаа танхимаар 2-5 насны 25 хүүхэд, 6-16 насын 25 хүүхдийг /нийт 50/ танхимаар хүлээн авч сургалт үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх, төлөвшүүлэх, нөхөн сэргээх, засан  сайжруулах арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ