Бичил биетний эсрэг ажиллахад малын эмч нар дутмаг байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүнсний хангамж-аюулгүй
байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай улсад мал эмнэлгийн үйл ажиллагааг
сайжруулах ажлыг цахимжуулалтаас эхэлж, салбарын олон талт ажиллагааг бэхжүүлэх
зэргээр өрнүүлж байна.
Өнөөдөр малын эм,
антибиотик, вакцины зохистой хэрэглээ, бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх
талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, тус газраас малчид
болон хэрэглэгч нарт бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх
аяныг зарлажээ.
Энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалагаас тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан УИХ-аас баталсан Хүнсний аюулгүй байдлын талаарх тогтоолд малаа эрүүлжүүлэх, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс мал сүргийг бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх талаар орхигдуулаагүй, энэ ажлыг улсын хэмжээнд бүх аймаг, суманд хэрэгжүүлэх талаар тусгасныг дурдлаа.
Бичил биетэн гэдэгт мал,
амьтан болон хүнд өвчин үүсгэгч нян, вирус, мөөгөнцөр, бусад шимэгч хорхой хамаардаг
байна. Харин бичил биетний тэсвэржилт гэдэг нь дээрх нян, вируст дасал болсон
эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлдэг аж. Үндсэн шалтгаан нь иргэд бичил
биетний эсрэг эмийг хэтрүүлэн, эсвэл дутуу, буруу, давтамжгүй зохисгүй
хэрэглэдэг байна. Малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй,
тариалан эрхлэлтэд зохисгүй, хяналтгүй хэрэглэснээр тархалтыг нэмэгдүүлэх
нөхцөл болж буйг Мал эмнэлгийн ерөнхий газраас онцолж байна.
Тиймээс ХХААХҮ-ийн болон
Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх
салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан харьяа байгууллагууд
хэрэгжүүлж байна. Үүнд, халдвараас урьдчилан сэргийлэх, хүн, малын эрүүл мэнд,
мал аж ахуй, ферм, хүнсний үйлдвэрүүдэд тавих хяналтыг бэхжүүлэхээр ажиллаж
байна.
Мөн мал, амьтанд антибиотикийн эмчилгээг дур мэдэн хэрэглэхгүй байх, зөвхөн малын эмчийн зааврын дагуу хэрэглэх зэрэг зөвлөгөө, мэдээллийг өгөх зэргээр ажиллах юм. Гэтэл өнөөдөр энэ бүх үйл ажиллагааг хийж гүйцэтгэх малын эмч нарын хүрэлцээ, малчдад хүрч хүртээмжтэй үйлчилж буй байдал дутмаг байна.
Энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалагаас тодруулбал, одоогийн байдлаар манай улсад мал эмнэлгийн анхан шатны 1600 үйлчилгээний нэгж, 1500 малын эмч ажиллаж буйг мэдээллээ. Нэг малын эмчид 48-68 мянган мал оногддог аж. Энэ байдлыг олон улсын жишгээр тооцоход 6 дахин их ачаалалттай. Зарим аймагт баг бүрд малын нэг эмч ажиллаж байхад зарим аймагт хүрэлцэхгүй байдалтай байна.
Тэрбээр, малын биеэс
антибиотик гадагшилсны дараа худалдах хүнс болон маханд хэрэглэх цахим
гэрчилгээ олгож буйг мэдээллээ. Тодруулбал, "Мал эмнэлгийн нэгдсэн
системийг хөгжүүлсэн. Ингэснээр хуучин гарал үүслийн гэрчилгээ гэж байдаг бол
одоо мал эмнэлгийн цахим гэрчилгээ гэж бий болсон.
Жишээ нь тухайн багийн малчныг хариуцаж байгаа малын эмч тэр малд антибиотик хийсэн, хориглох хугацаа дууссаны дараа гэрчилгээ бичиж худалдан, борлуулах зөвшөөрлийг өгч байгаа гэсэн үг. Тийм учраас эрсдэл харьцангуй бага. Цаашид мал эмнэлгийн гэрчилгээний системээ сайжруулах шаардлага байгаа”-г хэллээ. Өөрөөр хэлбэл энэхүү цахим гэрчилгээгээр тухайн малчных хэзээ малдаа антибиотик тарьсан, хэзээ тухайн малын биеэс эм гадагшилж, хүнсэнд хэрэглэж болохыг тогтоох боломжтой аж.