ОХУ-аас нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг ирэх онд нэмэгдүүлэхийг хүсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-16 13:13:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит XXIV хуралдаан ОХУ-ын Москва хотноо энэ сарын 14, 15-нд болж, Эрчим хүчний яамны төлөөлөл оролцлоо. 


Энэ үеэр Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Григорьевич Шульгиновтой албан уулзалт хийв. Уулзалтаар “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн өргөтгөлийн төслийн явц, ОХУ-аас авах цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэх, эрчим хүчний сэлбэг, материалыг хилээр нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцэв.


“Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 300МВт-аар нэмэх төслийн хүрээнд энэ оны 10 дугаар сарын 24-26-нд Улаанбаатар хотноо “Интер Рао Экспорт” НХН-ийн захирал М.Сергеевтэй хийсэн хэлэлцээний хүрээнд тодорхой шийдэлд хүрсэн талаар сайд Б.Чойжилсүрэн танилцуулж, төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхийг 2 тал хэлэлцжээ.


Түүнчлэн ОХУ-аас Монгол Улсын эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлдэг хэмжээг ирэх онд нэмэгдүүлэх хүсэлт тавьсныг Эрчим хүчний яам мэдээллээ. Уулзалтын төгсгөлд эрчим хүчний сэлбэг материалыг хилээр саадгүй нэвтрүүлэхийг хүсжээ. Өнгөрсөн онд ОХУ-ын зарим тоног төхөөрөмжийг хилээр гаргахад тусгай зөвшөөрөл нэмэлтээр авах шаардлагатай болсон тул нийлүүлэлт удаашраад байсан юм. 

Холбоотой мэдээ