“Газрын тосны бүтээгдэхүүний бирж” төслийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-11-15 16:44:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Петро эксчейнж" ХХК-иас “Газрын тосны бүтээгдэхүүний бирж"-ийн төслийг санаачлан хэрэгжүүлэх гэж байна. Энэ талаар тус компаниас МҮХАҮТ дээр танилцууллаа.


Танилцуулах уулзалтад газрын тосны салбарын 28 компанийн 40 орчим төлөөлөгч оролцож мэдээлэл солилцов. “Газрын тосны бүтээгдэхүүний бирж” төсөл хэрэгжсэнээр дотоодын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлнэ гэдгийг төсөл санаачлагч В.Буянмөнх танилцууллаа.


Ингэснээр салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны зардлыг бууруулж, санхүүжилтийн өртгийг багасгаж, бизнесийн өсөлтийг дэмжих юм. Энэхүү төсөл нь хувийн хэвшлийн санаачилга бөгөөд оролцоонд суурилсан, фьючерс опцион, форвард санхүүгийн хэрэгсэл бүхий иж бүрэн Газрын тосны бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж буй аж.


Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин, манай улсад уул уурхайн болон уул уурхайн бус түүхий эд, бүтээгдэхүүний салбарт биржийн тогтолцоо дутагдалтай буйг тэмдэглэж, биржийн системд банк санхүү, даатгал, тээвэр зэрэг асуудлыг нэгтгэсэн дундын зардлаар худалдааг хөнгөвчлөх, хялбаршуулах боломжийг олгоно гэдгийг онцоллоо.


Оролцогчдын зүгээс төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газар оролцоотой байх эсэх, эрх зүйн орчин, төслийн менежментийн байгууллагын өмчийн хэлбэр, бүтэц зохион байгуулалт, цаашдын хөрөнгө оруулагчдын хувьцаа эзэмших боломж, олон улсын биржүүдийн туршлага, төслийн ач холбогдол, манипуляци үүсгэх сөрөг тал зэргийг төсөл санаачлагчдаас асууж, тодруулан цаашид дээрх асуудлаар анхаарч ажиллах талаар саналаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ