Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авах ёслол болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-11-09 16:23:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд 2022 онд улсын санд худалдан авах бүтээлийг батламжлах ёслол энэ сарын 12-нд Монгол Улсын Филармони концертын танхимд болно.

 

Энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монгол Улсын Филармони, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Үндэсний Урлагийн их театр хамтран зохион байгуулах юм.

 

Мөн хөгжмийн том хэлбэрийн болон дүрслэх урлагийн 2022 оны шилдэг бүтээлүүдийг үзэгчдэд толилуулах бөгөөд бүтээлүүдийн каталог, сэтгүүлийг олон түмнээ өргөн барина.

 

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу жил бүр улсын санд хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг худалдан авдаг уламжлалтай.

 

Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авснаар хөгжмийн урлагийн урын сан хөмрөгийг баяжуулах, орчин үеийн хөгжмийн урлагийн чиг хандлагыг хөгжүүлэх, том хэлбэрийн бүтээлд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

 

Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг анх 1995 оноос хойш улсын санд худалдан авч эхэлсэн бөгөөд нийт 203 бүтээлээр улсын урын санг баяжуулсан байна. 

Холбоотой мэдээ