ДУНДГОВЬ: Ажлын байрны дадлагажуулагчийн анхан шатны сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-28 14:35:01
altantogos

ДУНДГОВЬ /МОНЦАМЭ/ “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ажлын байрны дадлагажуулагчийн анхан шатны сургалтыг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулав.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Японы ЖАЙКА байгууллагатай хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлжээ.

Сургалтыг ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Болороо, төслийн ахлах зөвлөх Чиба Хисао нар удирдаж, төр, ТББ, аж ахуйн нэгж байгууллагын 40 гаруй иргэн хамрагдсан аж.

Тус сургалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой зохицуулалт, ажлын байрны тохируулга, ажлын байрны дадлагажуулагчийн талаарх ойлголт, хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдээллийг өгчээ.


Энэ үеэр төслийн багийнхан Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд тус аймагт барьж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Тус төв нь 1557м2, 2 давхар, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан дэмжих технологи болон зөвлөх үйлчилгээг ханган нийлүүлэх нэгдсэн цэг байхаар төлөвлөсөн, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, олон улсын стандартад нийцсэн барилга байх юм.  Энэ оны 9 дүгээр сарын байдлаар тус барилгын ажлын явц 82 хувьтай байгаа ажээ.



Холбоотой мэдээ