СЭЛЭНГЭ: Шилмэл малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-25 21:08:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулдаг "Шилмэл малын үзэсгэлэн худалдаа -2022" үйл ажиллагааг малын гоц халдварт өвчний тархалтаас шалтгаалан цахимаар зохион байгуулжээ.

 

Шилмэл малын үзэсгэлэн худалдааг нутгийн шилмэл омгийн адуу, махны чиглэлийн үхэр, сүүний чиглэлийн үхэр, бүдүүн ноост хонь, бүдүүвтэр ноост хонь, ууцан сүүлт хонь, нарийн нарийвтар ноост хонь, ноолуурын чиглэлийн ямаа, сүүний ямаа гэсэн төрлүүдээр зохион байгуулсан байна.

 

Энэхүү үзэсгэлэнд Сэлэнгэ аймгийн 6 сумын 7 иргэн, 3 аж ахуйн нэгж,  байгууллага оролцлоо. Тэд 3 төрлийн 40 үржлийн хээлтэгч, хээлтүүлэгчийг махны чиглэлийн үхэр, нутгийн шилмэл омгийн адуу, нарийн нарийвтар ноост хонь гэсэн 3 төрөлд оролцсон байна.

 

Тус үзэсгэлэнгийн Нарийн нарийвтар ноост хонины төрөлд Сэлэнгэ үржлийн цөм сүргийн аж ахуйд үржүүлдэг орхон үүлдрийн 3 настай хээлтүүлэгч, Цагааннуур сумын “Номунхан” ХХК-д үржүүлдэг хангай үүлдрийн 4 настай хээлтүүлэгч нэгдүгээр байрт шалгарсан байна.

 

Харин Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ үржлийн цөм сүргийн аж ахуйд үржүүлдэг орхон үүлдрийн 6 настай эм хонь, Ерөө сумын малчин Б.Баттулгын ерөө үүлдрийн хэсгийн 4 настай эм хонь тус тус дэд байрт шалгарчээ.

 

Түүнчлэн Цагааннуур сумын малчин А.Шагдарсүрэнгийн хангай үүлдрийн 4 настай эм хонь тусгай байрт тус тус шалгарсан байна. 


Энэхүү шилмэл үүлдрийн орхон, хангай, ерөө монгол хонь нь богино өөхөн сүүлтэй, ноолуур, сор, завсрын болон ямаан үс оролцсон холимог ширүүн ноостой юм. Мах нь амт чанар сайтай бөгөөд нядалгын жин дунджаар 23.51 кг, гарц 48.12 хувь байдаг ажээ. 29.7 л сүүний гарцтай, тослог 6.35 хувь, нийт хуурай бодисын 70 орчим хувийг уураг тос эзэлдэг байна. Мөн уураг нь амин хүчлээр баялаг бөгөөд дунджаар 92.69 хувьтай ашиг шим өндөр гэдгээрээ онцгой ач холбогдолтой үүлдэр юм.  

Холбоотой мэдээ