ХӨВСГӨЛ: Төрөх эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-19 16:33:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт эмэгтэйчүүдийн тасаг эхчүүдийг хүлээн авах өрөөг энэ оны нэгдүгээр сараас эхлэн ажиллуулж эхэлсэн. Тус хэсэгт хэрэглэгдэх тоног төхөөрөмж шаардлагатай учраас Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо хамтран тоног төхөөрөмж сайжруулах төслийг  хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд ургийн монитор, яаралтай тусламжийн тэргэнцэр, пульсокиметр буюу судасны цохилт богино хугацаанд оношилдог оношлуур, мөн үзлэгийн ор, өндөр, жин хэмжигч, эмийн шкаф, суурин компьютер, принтер, мини хөргөгч, соруулгын аппарат, лед буюу хажуугийн гэрэл зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдаад байна.

Тус  аймгийн хэмжээнд төрөлт болон төрөх насны эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотой аймгийн хэмжээний нийт төрөлтийн 71-78 хувь  нь төрөх тасагт  эсэн мэнд амаржиж  байна. Сүүлийн 5 жилийн төрөлтийн тоогоор 21 аймгаас Баян-Өлгий аймгийн дараа Хөвсгөл аймаг 2-р байрт орж байна. 2021 оны байдлаар жилд 2300 гаруй төрөлт, жирэмсний эмгэгийн тасагт 500 гаруй, эмэгтэйчүүдийн тасагт 400 гаруй эхчүүд эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Төслийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаж тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэн, чанар сайжирч, хүлээгдэл чирэгдэл буурах зэрэг олон үр дүн гарч байгаа ажээ.

Холбоотой мэдээ