Бүргэдийн баяр сарын дараа эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-22 01:09:05

Баян-Өлгий аймгаас таван бүргэдчин Киргиз Улсад очиж бүргэдийн наадамд оролцохоор мордох гэж байна гэж Монголын бүргэдчдийн холбооноос мэдээллээ.

Энэ холбооны тэргүүн С.Медеухан ярихдаа, -1999 онд манай холбоо байгуулагдсанаас эхлээд казах анчдын энэхүү урлаг баруун нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх үндсэн хөшүүрэг боллоо. Манайхыг дуурайж бүргэдчдийн хэд хэдэн төрийн бус байгууллага байгуулагдав. Бүргэдчдийн тухай гадаадын уран бүтээлчид баримтат болон уран сайхны хэд хэдэн кино бүтээлээ. Манай бүргэдчид эх орны маань нийслэл Улаанбаатар төдийгүй Араб, Их Британи, ОБНХУ, Казахстан зэрэг орнуудаар явж анчин бүргэдийнхээ авъяасыг сонирхуулав. Энэхүү наадмыг уламжлал болгон хөгжүүлэхэд Улаанбаатарын иргэн н.Бадрал, Америкийн монгол иргэн Жалсай нар ихээхэн тус дэм үзүүллээ. Энэ оны есдүгээр сарын сүүлчээр Сагсай суманд нүүдэлчдийн уламжлалт наадам, аравдугаар сарын эхээр Өлгий суманд бүргэдчдийн наадам зохиогдоно. Бүргэдчдийн баярыг хамтран зохион байгуулах сонирхолтой гадаад, дотоодын иргэдийг бид дуртай хүлээж авах болно гэв. 

Өнгөрсөн жил тус аймгийн нутагт 2000 гаруй жуулчин ирж буцсанаас 1600 гаруй нь Алтай Таван богдын байгалийн цогцолборт газарт, бусад нь Сийлхэмийн нуруу болон Цамбагаравын байгалийн цогцолборт газарт очиж, байгалийн үзэсгэлэн болон орон нутгийн казах, урианхай, тува, дөрвөд иргэдийн зан заншил, ахуй амьдралыг үзэж сонирхжээ. Аймгийн өнгөрсөн жилийн бүргэдчдийн наадамд 21 орны 650 гаруй жуулчид ирж сонирхсон байна.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ