СҮХБААТАР: Түүх, соёлын дурсгалуудыг шинээр илрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-17 16:11:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого тус аймагт 60 орчим хувьтай үргэлжилж байна. Тооллогын ажлын баг төлөвлөгөөт объектын 95 хувьд очиж тооллого, баримтжуулалтыг хийжээ. Энэ хугацаанд шинээр олон дурсгал илрүүлсэн бөгөөд гурван дурсгалыг улсын мэдээллийн санд албан ёсоор нэмж бүртгэсэн байна.


Тодруулбал, Баяндэлгэр сумын нутгаас хадны зураг, Мөнххаан сумаас Даянчийн агуйгаас улаан зосон бичиг, Түмэнцогт сумаас хөшөө чулуу зэргийг нутгийн иргэд олж илрүүлсэн байсныг албан ёсоор бүртгэж авчээ.

Сүхбаатар аймаг уг тооллогын дүнгээр улсын хэмжээнд гуравт бичигдэж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 1-нд дуусгахаар ажиллаж байна. Нэгдсэн нарийн дүн мэдээлэл тооллого бүрэн дууссаны дараа гарч танилцуулна гэж аймгийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Мөн тус аймагт 10 дугаар сарын 16-нд Соёлын өвийн тухай хуулийн дагуу соёлын биет бус өвийн улсын үзлэг эхэлсэн. Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн 250 гаруй биет бус өвийн 70 хувийг энэхүү үзлэгт хамруулах аж. Монгол Улсын Соёлын яам болон аймгийн Соёл, урлагийн газрын хамтарсан баг ажиллаж байна.

 

 

Холбоотой мэдээ