ТӨВ: Сумдын эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-10-15 10:55:09

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, сумдын эрүүл мэндийн төвүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум 362 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө.


Уг төхөөрөмжүүдийг судалгаанд үндэслэн, нэн шаардлагатай гэж үзэн “Эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд хүлээлгэн өгч байгаа аж. Уг төслийг сумдын эрүүл мэндийн байгууллагын чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр УИХ-ын гишүүн Ц.Туваан санаачилсан байна. Тэрбээр өнөөдөр 1.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 16 нэр төрлийн 873 ширхэг тоног төхөөрөмжийг сумдын Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад гардуулсан юм.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн хагалгааны хэсгийг C-RM аппарат, нүдний мэс заслын микроскоп, өвчтөний хяналтын монитор зэрэг 16 нэр төрлийн 261.5 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангаснаар аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн стандарт хангалт нэмэгдэж, тусламж үйлчилгээний хүртээмж, чанарт ахиц гарч, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүлээгдэл чирэгдэлгүй үзүүлэх боломж бүрдэж байна.


Төв аймгийн Эрүүл мэндийн салбарт 2021, 2022 онд 16,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд үүний 2,5 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж, хэрэгжүүлсэн. 2022 онд Эрүүл мэндийн салбарт 4.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэнээс аймгийн Нэгдсэн эмнэлэгт улсын төсвийн 3.7 тэрбумын хөрөнгө оруулалтаар дижитал рентгений иж бүрдэл, Зөөврийн болон суурин ЭХО аппарат, PCR аппарат, Компьютер томографын аппарат зэрэг 32 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж, Эрүүл мэндийг дэмжих төв байгуулсан билээ.


Сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг Улсын төсвийн 437.0 сая, Орон нутгийн төсвийн 110.8 сая, нийт 547.8 сая төгрөгийн санхүүжилтээр УВЧ, 6 сувагтай ЭКГ, хяналтын монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, зөөврийн дифибрилятор, дижитал зөөврийн рентген аппарат, ТАНИТА аппарат болон бусад тоног төхөөрөмжөөр хангаж, нийт 547,8 сая төгрөгийн санхүүжилт хийгдэн тоног төхөөрөмжийн стандарт хангалтын хувийг 60,5%-д хүргэж, суурь түвшнээс 3.5 функтээр нэмэгдүүлсэн талаар албаныхан онцоллоо.

 

Холбоотой мэдээ