ХӨВСГӨЛ: Титаник компани орон нутгийн сүү, сүүн бүтээгдэхүүний 25 хувийг хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-14 09:41:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар өрнөөд буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд баялаг бүтээгч "Хөвсгөл Титаник" компани нэгдлээ.  



Тус компани нь 29 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Хөвсгөл аймгийн ууган хүнс үйлдвэрлэгчдийн нэг юм. Өнөөдрийн байдлаар 120 гаруй ажилтантай бөгөөд талх, нарийн боов, сүү, ааруул, бялуу бэйкери, гоймон, хэрчсэн гурил, цай, жимс, нийтийн хоол гэсэн 10 үйлдвэр цехийн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Жилдээ нийт 600 орчим тонн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг. Орон нутгийнхаа талх, талхан бүтээгдэхүүний 15 хувь, гурилан бүтээгдэхүүний 18.4 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний 25 хувийг дангаараа хангаж байна. 


 Иргэддээ эрүүл хүнс хүргэх эрхэм зорилт дэвшүүлсэн тус хамт олон 29 жилийн турш тасралтгүй хөдөлмөрийнхөө үр шимээр  хэрэглэгчдэдээ илүү шинэ шинэлэг бүтээгдэхүүнийг хүргэн 5 цех 93 ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Мөн хэрэглэгчдийнхээ эрэлт хүсэлд нийцүүлсэн олон шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд бүтээгдэхүүний төрөл нэмэгдсээр 120 гаруй нэр төрөлд хүрсэн гэдгийг захирал Г. Лхагвасүрэн хэлж байлаа.

 

Холбоотой мэдээ