ГОВЬ-АЛТАЙ: Чандмань сумын Эрүүл мэндийн төв иж бүрэн шүдний кабинеттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-13 15:06:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хүүхдийг ивээх сан (ХИС)-гийн Монгол дахь хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй Денан төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрүүл мэндийн төвд иж бүрэн Шүдний кабинет байгуулав.


Шүдний кабинетын худалдан авалтыг “Golden Med” LLC компани гүйцэтгэж, тоног төхөөрөмжийг суурилуулан, ажиллагаа, арчилгааны зааварчилгаа сургалтыг зохион байгуулан холбогдох албаныханд хүлээлгэн өглөө. 

Төслийн хүрээнд эмчилгээний иж бүрэн сандал /бор машин/ ком, сувгийн хэмжигч, зөөврийн хурдан эргэлтэт өрөмдөгч машин, шүдний рентген, сенсор, ус нэрэгч, кварцтай багаж хадгалах шүүгээ, кварцын гэрэл, зориулалтын тэргэнцэр зэрэг 42 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, үзлэгийн нэг удаагийн багаж зэрэг 54.1 сая төгрөгийн хөрөнгө нийлүүлжээ.

Мөн уг төслөөс шүдний эмчийг гурван сарын хугацаанд цалинжуулан ажиллах тухай аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Чандмань сумын ЭМТ шүдний кабинеттай болсноор сумын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхээс гадна ойролцоох тойргийн Эрдэнэ, Цогт, Дэлгэр сум, Баянтоорой тосгон, Баянхонгор аймгийн Хүрээ марал сумын малчин өрх тусламж үйлчилгээ авах боломж, нөхцөлөөр хангагдаж байна.


Холбоотой мэдээ