ДУНДГОВЬ: "Эрдмийн далай" цогцолбор сургууль "Welcome" хөтөлбөрт хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-13 10:11:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн /БСҮХ/-гээс зарласан 'Welcome' англи хэлний хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай" цогцолбор сургууль шалгарав.


Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалаар “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г баталж, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс 'Welcome' англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт зарлажээ.


Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нийслэл, аймаг, сумдын нийт 70 гаруй сургууль, материалаа ирүүлж, БСҮХ-гээс улсын хэмжээнд 20 сургуулийг сонгон авснаа зарласан байна.  


Хөтөлбөр хэрэгжсэнээр тухайн сургуулийн ахлах ангийн сурагчид англи хэлийг олон улсын “B” түвшинд гүнзгийрүүлэн судалж, ярих, бичих, унших, сонсох бүх чадвараа ахиулахаас гадна хувь хүний бусад чадвараа хөгжүүлэн, гадаад, дотоодын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдан, цаашид их, дээд сургуульд амжилттай үргэлжлүүлэн суралцахад дэмжлэг болох ач холбогдолтой ажээ.


“Welcome” хөтөлбөрийг 2022-2023 оны хичээлийн жилд 10 дугаар сарын 10-наас ирэх оны 5 дугаар сарын 31 хүртэл хэрэгжүүлнэ. 

Холбоотой мэдээ