Монголын 2000 гаруй жилийн түүхийг цогцоор харуулсан "Чингис хаан" музейг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-10-11 14:43:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хүннүгийн эзэнт гүрний үеэс XX зууны эх хүртэлх Монгол Улсын 2000 жилийн хаад, язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны “Чингис хаан” музейг өнөөдөр нээн, есөн хөлт цагаан туг тахих ёслол боллоо.


Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, Хотын дарга болон Монгол Улсад суугаа Элчин сайд нар, төр, нийгэм, урлаг, соёлын нэрт зүтгэлтнүүд оролцов.


Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжилсан их хаадын үйл хэргийг монголчууд бид судлан шинжилж, хадгалан хамгаалж, улс орондоо төдийгүй дэлхий ертөнцөд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь эзэн хаанаараа овоглосон монгол хүн бүрийн үеийн үед эрхэмлэн дээдлэх учиртай ариун үүрэг. Монголын түүхэнд тодоор үлдэх энэхүү түүхэн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан уран бүтээлчид, зураач, дархчууд, барилгачид, инженер техникийн ажилчид, төрийн албан хаагч, Соёлын яам, “Чингис хаан” музейн удирдлага, хамт олон болон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон бүх хүн, байгууллага хамт олонд Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээлээ.


“Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуун тус музей Ази тивдээ эхний 10-т багтах хэмжээтэй, эх үзмэрийнхээ эзлэх хувиар тэргүүлсэн, аюулгүй байдал, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын хамгийн орчин үеийн шийдэлтэй, мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан, нүүдэлчин иргэншлийн цогц түүхийг харуулж чадахуйц гэдгийг онцлов.


Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаас 280 дугаар тогтоол гараган Их эзэн Чингис хааны музей байгуулахаар шийдвэрлэсэн.

Музейд,

-Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);

-Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);

-Их Монгол Улс;

-Монголын Их эзэнт улс;

-Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);

-Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);

-Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг нийтэд толилуулах юм.


Олон улсын стандартад нийцсэн ийм музейтэй болсон нь монголчуудын түүх, соёлоо сурталчлах, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон түмнийг соён гэгээрүүлэх чиглэлээр хийж буй олон ажлын нэг юм.


“Чингис хаан” музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн  хуулбар, уран бүтээл юм.тухайлбал, ОХУ-ын Эрмитажийн музейгээс бэлэглэсэн Их эзэн Чингис хааны нэр бүхий чулууны бичиг болон Хубилай хааны тэнгисийн флотын онгоц, Ватиканд байгаа хаадын захидал зэргийн А хуулбарыг дурдаж болно. Олон улсын стандартад нийцсэн музейг монголын музейн салбарын түүхэнл шинэ жишиг тогтоож байна. Мөн өв соёлоо хадгалах, хамгаалах, олон улсын хэмжээний үзэсгэлэн хүлээн авч дэлгэх боломж бүрдэж буй юм.

 

“Чингис хаан” музей иргэдэд маргаашаас үйлчилж эхэлнэ. Ингэхдээ 16 хүртэл насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй, насанд хүрэгчдэд 30, оюутанд 15, гэр бүлд 20 мянган төгрөгөөр үйлчлэх юм.


Музей үзэх, хүүхдийн сургалтын хөтөлбөрт хамрагдах, мини кино театраар үйлчлүүлэх зэрэг бүх үйлчилгээ авахад 8.5 цаг, зөвхөн музей үзэхэд дунджаар 5 цаг зарцуулах хэмжээний баялаг үзмэртэй. Музей нь тусгайлан тоноглосон сан хөмрөгтөө үзмэр бүртгэх, анхан шатны цэвэрлэх, сэргээн засварлах, хадгалж хамгаалах, судлах, хадгалах лабораториудтай. Орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан анимейшн, интерактив, QR, VR нэвтрүүлсэн. Дурсгал бүрд QR код байх бөгөөд гар утсаараа уншуулан орос, англи цаашид НҮБ-ын таван хэлээр нэмэлт тайлбар авах боломжтой. Мөн үзэгчдэд зориулсан боловсролын танхим, хурлын их, бага танхим, кино театр, бэлэг, дурсгалын дэлгүүр, кофе шоп ажиллах юм.


Музейн барилгын шавыг 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр тавьсан бөгөөд Улсын комисс барилгыг 2021 оны 9 дүгээр сарын 29-нд хүлээн авчээ.













Холбоотой мэдээ