ГОВЬ-АЛТАЙ: 2000 орчим суулгацаар нөхөн тарилт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-10 13:26:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилаар Алтайчууд "108 сая мод тарьж ургуулах" төслийг хэрэгжүүлж эхэллээ. 

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, "108 сая мод тарьж ургуулах" төслийн хүрээнд Говь-Алтай аймаг энэ онд дөрвөн сая мод тарьж ургуулах аж. Үүний 90 орчим хувь нь говийн унаган мод заг, сухай зэрэг модыг тарихаар зорилт тавин ажиллаж байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.

Намрын мод тарих үндэсний өдрөөр тус аймгийн 70 гаруй албан байгууллага, аж ахуй нэгжийн алба хаагчид Солонго хорооллын "Ногоон төгөл"-д 2000 орчим суулгацаар нөхөн тариалалт хийлээ. 

Энэ удаагийн үндэсний мод тарих өдрийг Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөл хамтран зохион байгуульж, тарьж суулгацыг үнэ төлбөргүй олгосон юм. Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс төрөлх Алтай хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл, эко ногоон хот болгох зорилгоор 2015 оноос хойш өдгөө хүртэл “Ногоон Алтайдаа сайхан амьдаръя” хөтөлбөрийг найм дахь жилдээ хэрэгжүүлж мод тарьж байна. Өнгөрсөн хугацаанд аймгийн хэмжээнд 30 орчим мянган мод бутны суулгацыг олгож, мэргэжил аргазүйгээр ханган ажиллажээ.

Энэ удаа Нутгийн зөвлөлөөс нөхөн тарилт хийж буйтай холбоотойгоор нийт 4000 ширхэг суулгацыг тээвэрлэн авчирсан ба үүний 500 нь улиас, 2000 хайлаас, 1500 чацарганы суулгац байгаа аж. Тэд суулгацаа сонгохдоо орон нутгийнхаа уур амьсгал, хөрсөнд тохирсон суулгацыг сонгон авчирсан тухай Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хандмаа онцлон танилцууллаа. 


Холбоотой мэдээ