ГОВЬ-АЛТАЙ: “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээнд хорт хавдрын найман тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-07 10:22:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийн баг Говь-Алтай аймгийн 18 сум, 2 тосгонд эмэгтэйчүүдийн хөхний болон умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, сургалт, лекцүүдийг нэг сарын турш зохион байгууллаа.


Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү болон хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл Говь-алтай аймгийн хэмжээнд өрнөлөө. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалж, тэднийг болзошгүй аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж  үзлэг, оношилгоонд:

5884 эмэгтэйд умайн хүзүүний үзлэг, оношилгоо 

2407 эмэгтэйд эмэгтэйчүүдийн үзлэг, 

2220 эмэгтэйд хөхний үзлэг 

5884 эмэгтэйд БЗХӨ болон дотор эрхтний үзлэг /давхардсан тоогоор/ хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Үүний зэрэгцээ умайн хүзүүний эсийн 355 шинжилгээ авч, умайн болон хөхний хорт хавдрын найман тохиолдлыг одоогоор илрүүлээд байгаа тухай холбогдох албанаас мэдээллээ. 


Төслийн багийн эмч нар тус аймгийн бүх сумын эмч нарт хавдрын үзлэг, оношилгооны талаарх сургалтыг ажлын байран дээр нь зохион байгуулж, хоёр дахь шатны сургалтыг 11 дүгээр сард ХСҮТ-д хийхээр төлөвлөөд байгаа аж.


Түүнчлэн эрүүл мэндийн үзлэг оношилгооноос гадна 9000 орчим өсвөр үеийнхэнд ялгаварлан гадуурхалт, мэргэжил сонголт, гэр бүлийн харилцаа, гэр бүлийн хүчирхийллийн талаар зохион байгуулж, охидын ариун цэврийн хэрэглэлийн “Нандин” хайрцгийг Ерөнхий боловсролын 30 сургуульд байршуулсан байна. 


Холбоотой мэдээ